БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Бүгд Найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 20 жил хорих ялыг тус улсын дээд шүүх хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн 2016 онд болсон парламентын сонгуулийн өмнө намынхаа нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх ажилд хууль бусаар оролцсоных нь төлөө дахин 2 жилийн ял оноож, нийт 22 жил хорихоор болсон байна. Хамгийн анх 2017 онд ерөнхийлөгч асан Пак Гын Хэ хариуцлага алдсаныхаа төлөө албан тушаалаасаа огцорч шүүхэд татагдсан юм. Үүний дараа 2018 оны 7-р сард анхан шатны шүүхээс түүнд авлигын хэргээр 15 жил, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр дахин таван жилийн хорих ял оноож, 21.5 тэрбум воны торгууль ногдуулжээ. Дараа нь давж заалдах шатны шүүх хорих ялыг 30 жил болгон сунгасан ч шүүхийн шийдвэрийг хэд хэдэн удаа хянан хэлэлцэж, ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г ялласан зарим зүйл ангийг хассан байна. Ийнхүү дээд шүүх Пак Гын Хэ-гийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул дахин давж заалдах эрхгүй болжээ. Үүний зэрэгцээ өмнөд солонгосын эрх баригч "Тобуро" ардчилсан намын дарга Ли Нак Ён ерөнхийлөгч Мүн Жэ Инээс Пак Гын Хе, мөн авилгын хэргээр 17 жил хоригдох ял эдэлж байгаа түүний өмнөх ерөнхийлөгч Ли Мён Баг нарт өршөөл үзүүлэхийг хүсэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Харин  олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнгээс харвал өмнөд Солонгосчуудын дийлэнх нь энэ саналыг эсэргүүцэж байна гэж харуулжээ.