2020 онд БНХАУ-ын экспорт дөрвөн хувиар өсжээ

Дэлхийд хоёрдугаарт орох том эдийн засагтай Бүгд Найрамдах Хятад Ард улсын 2020 оны экспорт, импортын нийт хэмжээ 4.9 их наяд Америк долларт хүрсэн гэж тус улсын гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Энэ нь өнгөрөгч 2019 оноос 1.9 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн онд эх газрын хятад улсын экспорт 4 хувиар буюу 2.7 их наяд Америк доллароор өссөн үзүүлэлт гарсан байна. Экспортын өсөлтөд "Ковид-19" цар тахлыг эрт дарж, дотоодын үйлдвэрлэлээ сэргээж чадсан нь нөлөөлснөөс гадна дэлхийн бусад улс орнуудад халдвараас хамгаалах хэрэгслийн эрэлт нэмэгдсэн, хүмүүс гэрээсээ ажиллах болсонтой холбоотой электроник тоног төхөөрөмжийн эрэлт нэмэгдсэн зэрэг нөлөөлсөн байна.өнгөрсөн онд Бүгд Найрамдах Хятад ард улс, Америкийн Нэгдсэн Улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд жилийн дүнгээр 8.8 хувиар өсөж, 672 тэрбум Америк Доллар болсон гэж гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр энэ онд эх газрын Хятадын экспорт, импорт өмнөх онуудаас хэд дахин өсөх магадлалтай гэсэн тооцоолол гарсан гэж мэдэгдсэн байна. Харин оксфордын их сургуулийн эрдэмтэд Америкийн нэгдсэн улсын зарласан худалдааны дайнд Бүгд Найрамдах Хятад ард улс ялсан гэж үзэж болно гэж мэдэгджээ. Гэхдээ Хятад улсын эдийн засгийн цаашдын хөгжилд саад бэрхшээл учирч болзошгүй  төлөвтэй байна гэж судлаачид үзэж байгаа юм. Тодруулбал, АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа эх газрын хятадад үзүүлэх дарамт шахалтын зарим хэсгийг хэвээр үргэлжлүүлэх төлөвтэй байгааг тэд онцолжээ. Хэдий Байдены засаг захиргаа Хятад улстай харьцангуй аядуу зөөлөн бодлого баримталж ажиллах ч улс төрийн өнцгөөс харвал тус улсын бараа бүтээгдэхүүнд нэгэнт оноосон импортын өндөр татварыг цуцлах боломж бараг байхгүй гэж тайлбарлажээ. Харин Ройтерсийн шинжээчдийн тооцоолсноор 2020 онд Хятадын үндэсний ДНБ-ын хэмжээ 2.1 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байгаа гэж мэдэгдсэн байна.