Энэ оны 6-р сар дуустал АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй

ОХУ-аас манай улсад нийлүүлдэг шатахууны хилийн үнэ энэ оны 1-р улирлын байдлаар  тонн тутамдаа 59 ам.доллараар нэмэгдэж ирсэн нь шатахууны үнэ нэр төрөл бүр дээрээ өсөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Тэгвэл манай улсын тухайд сүүлийн 8 сарын хугацаанд тогтвортой байсан шатахууны үнэ ирэх 6-р дуустал хадгалагдана гэсэн эерэг мэдээлэл байна. Тэр тусмаа иргэдийн нийтлэг хэрэглэдэг АИ-92 шатахууны үнэ одоогийн ханш болох 1450 төгрөгөөс хэтрэхгүй. Харин дизель түлш болон АИ 95 шатахууны үнэ гадаад зах зээлийн ханшнаас хамаарах юм байна. Өнөөдрийн байдлаар 1 баррель газрын тос 54 орчим ам.долларын ханштай байна. Харин нийслэлийн статистикийн газрын 1-р сарын 13-ны статистик мэдээллээр АИ-95 шатахууны дундаж үнэ 2000, АИ-80 1350 төгрөг, АИ-92 1422 төгрөг, дизель түлш 2042 төгрөг, харин газ 1130 төгрөгийн ханштай байна. Энэ ханш сүүлийн 8 сарын хугацаанд харьцангуй тогтвортой байгаа бөгөөд өнгөрөгч 7-р сарын 29, 8-р сарын 19,  9-р сарын 23-ны байдлаар дунджаар 40-50 төгрөгийн өсөлттэй байжээ. Энэ ханшнаас АИ 92 шатахууны үнэ энэ оны 2-р улирал буюу 6-р сар дуустал тогтвортой байх бөгөөд үнийг өсгөхгүй гэдгийг ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ. Одоогоор шатахуун импортолдог баян-өлгий болон Увс аймгийн Цагааннуур, боршоо боомтын үйл ажиллагааг түр хаасан. Гэхдээ улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн Цагааннуур боомтыг 2020 оны 11-р сарын 23-аас эхлэн гарагийн зохицуулалттайгаар нээж, зөвхөн шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлж байгаа. Тиймээс хилийн боомт хаасантай холбогдуулан ямар нэгэн байдлаар шатахууны тасалдал үүсээгүй. Шатахууны нөөц хэвийн хэмжээнд байгаа юм байна. Одоогоор АИ92 шатахууны үнийг өсгөхгүй байхтай холбогдуулан ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны компанийн төллөөлтэй санал солилцсон. Хэрэв заасан хугацаанд аж ахуйн нэгжүүд АИ92 шатахууны үнэ нэмсэн зөрчил гаргавал үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээг ашигт малтмал газрын тосны газраас авах юм байна.