Гэр ахуйн халдваргүйтгэлд белизна болон содийн 2 хувийн уусмалыг хэрэглэх нь тохиромжтой

"Ковид-19" халдварын үед иргэд гэртээ халдваргүйтгэл хийх шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөөр байгаа. Тэгвэл зарим иргэд гэр ахуйн халдваргүйтгэлд жавелионы уусмал, спирт зэргийг цацаж хэрэглэж байгаа нь буруу гэдгийг мэргэжлийн эмч анхаарууллаа. Учир нь эмнэлгийн эцсийн голомтын халдваргүйтгэлд хэрэглэдэг эдгээр бодисыг гэртээ цацаж хэрэглэх нь хэт мэдрэг хүмүүс болон бага насны хүүхдүүдэд харшил үүсгэх аюултай юм байна. Иргэд гэрийн нөхцөлд халдваргүйтгэл хийхдээ белизна болон содийн 2 хувийн уусмалыг хэрэглэх нь хамгийн тохиромжтой юм байна. Ингэхдээ үйлдвэрлэгчээс заасан хэрэглэх заавартай сайтар танилцах ёстой. Учир нь эдгээр бодисын хувь хэмжээ өөр өөр байдаг тул тухайн заавраар нь хэдэн литр усанд найруулж хэрэглэхээ мэдэж болно. Белизнагаар гэрийнхээ хана шал тавилга зэрэг хатуу биетийг арчиж халдваргүйжүүлснээс нэг цагийн дараа цэвэр усаар арчих шаардлагатай юм байна. Харин 2 хувийн содын уусмалаар хүүхдийн тоглоом зэргийг угааж цэвэрлэх, хоолойгоо зайлах нь тохиромжтой гэдгийг мэргэжлийн эмч зөвлөлөө.  Харин зарим иргэд гэрээ халдваргүйтгэхэд ямар бодис хэрэглэх тухайгаа сайн мэдэхгүй байна. Тиймээс гэртээ жавелионы уусмал болон спиртийг агаарт цацаж халдваргүйтгэл хийж байгаа тухайгаа ярьж байна. Тэгвэл химич, хор судлаач жавелион болон спиртийг агаарын халдваргүйтгэлд ашиглах нь хүний эрүүл мэндэд хоруу чанар ихтэй гэдгийг тайлбарлалаа. Агаарын халдваргүйтгэл хийхэд хамгийн тохиромжтой бодис нь гипохлорын хүчлийн сулруулсан уусмал юм байна.