Индонез улсад болсон газар хөдлөлтийн улмаас 81 хүн амь үрэгджээ

Өнгөрөгч баасан гарагийн шөнө Индонез улсын Сулавеси аралд 6.2 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 81 хүн амь үрэгдэж, 820 гаруй хүн бэртсэн гэж тус улс дахь олон улсын улаан загалмайн нийгэмлэг мэдээлжээ. Тус байгууллагын зүгээс цаашдаа нас барсан болон сураггүй алга болсон хүний тоо нэмэгдэх талаар анхааруулсан байна. 6.2 магнитуудын хүчтэй газар хөдлөлтийн төв цэг нь Сулавеси арлын Мажене хотоос зүүн хойд зүгт 6 км зайд, 10 км-ын гүнд байсныг Индонезийн цаг уур, геофизикийн хүрээлэн мэдээлжээ. 110 мянган хүнтэй Мажене хотод газар хөдлөлтийн чичиргээ 5-6 секунд үргэлжлэхэд 300 орчим орон байр эвдэрч, нурсан бөгөөд 15,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж орон нутгийн онцгой байдлын алба мэдээлсэн байна. Газар хөдлөлт шөнө дунд 1 цаг 58 минутын үед болсон тул гэртээ унтаж байсан олон хүн барилгын нурангид дарагдсан гэж аврах албаны мэргэжилтнүүд үзэж байна.Түүнчлэн гамшиг болсон газарт хүрэх замд ан цав гарч, харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтэц гэмтсэн нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Номхон далайг хүрээлсэн "Галт цагираг" хэмээх газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт Индонез улс байрладаг тул энэ төрлийн гамшигт байнга өртдөг юм. Тэгвэл тус байгалийн гамшгаас гадна өнгөрөгч бямба гарагт зүүн Жава мужид галт уулын тогооноос халуун лаав оргилж,  үнс нурам 5 км хүртэлх радиуст цацагдаж, газрын гадаргаас дээш 6 км хүртэлх зай харагдахгүй саарал өнгөтэй болжээ. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн галт уулын ойролцоох хэдэн зуун иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар хүргэсэн байна. Түүнчлэн зүүн Жава муж дахь Мерапи, Синабунг галт уул өмнөх үеэс идэвхтэй байгаа шинж тэмдэг ажиглагдаад байгаа тул шаардлагатай тохиолдолд онц байдал тогтоохоор болжээ. Индонезийн цаг уур, геофизикийн хүрээлэнгээс тус улсад идэвхтэй 130 галт уул байдаг гэсэн тооцоолол гарсан байна.