Дэлхийд тэргүүлэгч цахим худалдааны "Алибаба" группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма алга болсон гэх цуу яриа олон нийтийн дунд гараад байгаа юм. Тодруулбал, эх газрын Хятадын эрх баригч коммунист намаас тэрбумтан Жак Магийн үүсгэн байгуулсан Алибаба, ант группийг төрийн өмчит болгох магадлалтай гэх мэдээлэл цахим сүлжээгээр өнгөрөгч долоо хоногт тархжээ. Тухайн үед компанийн удирдлагуудын зүгээс ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй нь үүсгэн байгуулагч Жак Ма алга болсон байх магадлалтай гэх хардлагыг олон нийтийн дунд төрүүлэх болсон юм. Түүнчлэн хамгийн сүүлд өнгөрөгч оны 10 дугаар сард шанхай хотод болсон арга хэмжээнд оролцсоноос хойш дахин олны нүдэнд харагдаагүй тэрбээр улсынхаа өндөр технологийн салбарыг зохицуулах журмыг шүүмжилсэн нь эх газрын Хятадын эрх баригчдын бухимдлыг төрүүлсэн гэж эх сурвалжууд мэдэгджээ. Түүнийг алга болсон гэх мэдээлэлд Европын Холбоо болон бусад технологийн компанийн удирдлагууд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Харин ойрын эх сурвалжийн мэдээллээр, хэрэг явдал намжих хүртэл тэрбумтан Жак Ма олон нийтийн өмнө гарах хүсэлгүй байна гэж мэдэгджээ.