Барилга орон сууцны агааржуулах хоолойн төгсгөлд бохир агаарыг тасалгаанаас сорж гадагшлуулах сэнс байх ёстой, энэ нь механик буюу хамгийн сайн агааржуулалтын төлөвлөгөө юм байна. Гэвч манай улсад механик агааржуулалттай барилга орон сууц ховор байгаагаас агааржуулалтын хоолойгоор вирус дамжих эрсдэлтэйг албаныхан хэлж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн орон сууцанд вирусийн халдвар тархах шалтгааныг тодорхойлох судалгаагаар Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах 2004 онд ашиглалтад орсон 6 давхар байрны 2-5 давхрын айлуудын хүмүүс вирусээр халдварласан нь агааржуулалтын хоолойгоор вирус дамжсан байх өндөр магадлалтайг харууллаа. Учир нь өвчлөл бүртгэгдсэн айлууд агаар сэлгэлтийн нэг сувагтай, нэг орцны харалдаа дээд, доод давхрын айлууд байсан байна. Мөн айлуудын хоолны болон тамхины үнэр ариун цэврийн өрөө, гал тогоонд үнэртдэг бөгөөд агааржуулалтын суваг гэрэлтэй холбосон сэнс, нээж хаах хавхлаг байхгүй гэдгийг вирусээр халдварласан иргэд мэдээлсэн байна. Барилга орон сууцны агааржуулалт байгалийн болон механик гэсэн 2 төрлөөр төлөвлөгддөг. Механик агааржуулалт нь агааржуулах хоолойн төгсгөлд бохир агаарыг тасалгаанаас сорж гадагшлуулах сэнстэй байх ёстой. Гэвч манай улсад механик агааржуулалттай барилга орон сууц ховор байдаг байна. Тиймээс танай гэрт дээд доод айлын хоолны үнэр тамхины утаа үнэртдэг бол СӨХ-дөө хандаж агааржуулалтын хоолойны ажиллагааг шалгуулж, засуулах хэрэгтэй. Харин нэгэнт механик биш агааржуулагчтай, үүнийг засах боломжгүй бол цонхоо аль болох давтамжтай онгойлгож агаарын сэлгээ хийх нь вирус танай гэрт тархахаас сэргийлэхэд тусална гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө.