Мьянмар улсын ерөнхийлөгч болон өндөр албан тушаалтнуудыг суллахыг дэлхийн улс орны удирдагчид шаарджээ

2-р сарын 1 буюу өнгөрсөн даваа гарагт Мьянмарын ерөнхийлөгч Вин Мьин, эрх баригч ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүн Аун Сан Су Чи нар баривчлагдсан гэж ардчиллын төлөөх үндэсний лигийн хэвлэлийн албаны дарга мэдэгдсэн юм. Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн Мьянмар улсын өндөр албан тушаалтнуудыг хорьж, цэргийн хүчээр төрийн эргэлт хийх гэж байна гэж эх сурвалжууд мэдэгдсэн байна. Сөрөг хүчний цэргүүд тус улсад нэг жилийн хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна. Энэ даваа гарагийн өглөө Мьянмарын ерөнхийлөгч Вин Мьин, эрх баригч ардчиллын төлөөх үндэсний лигийн дарга, гадаад хэргийн сайд хийгээд төрийн зөвлөх Аун Сан Су Чи нарыг баривчилсан тухай Ройтерс, болон BBC агентлаг мэдээлсэн юм. Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чиг Мьянмарын нийслэл Нейпьидо хотод гэрийн хорионд оруулсан  гэж эх сурвалжууд мэдэгджээ. Түүнчлэн эрх баригч намаас парламентад сонгогдсон бүх депутатыг баривчилсны зэрэгцээ Мьянмарын үндэсний цөөнхийг төлөөлж буй намуудын депутатууд болон цэргийнхнийг шүүмжилсэн зарим нийгмийн зүтгэлтнүүдийг ч мөн цагдан хорьсон байна. Баривчлагдсан хэдэн зуун хүний дунд эрх баригч намын удирдлагуудын гэр бүлийн гишүүд мөн багтжээ. Тэгвэл өнөөдөр нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүйн зөвлөл Мьянмарын нөхцөл байдал, цэргийнхний үйлдэлд олон улс хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар хэлэлцэхээр болсон байна. Одоогоор аюулгүйн зөвлөл орон нутгийн цагаар хэдийд ярилцах нь тодорхойгүй байгаа ч аюулгүйн зөвлөлийг хоёрдугаар сард даргалж байгаа Их Британиас нэгдсэн үндэстний байгууллагад суугаа элчин сайд Барбара Вудворд нэн даруй арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ. Мөн Япон, Өмнөд Солонгост эрх баригчдыг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болсон бол америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден Мьянмарт гарсан цэргийн эргэлт нь тус улсыг ардчилсан нийгэмд шилжих үйл явцын эсрэг үйлдэл болохыг анхааруулжээ. Түүнчлэн тэрбээр сүүлийн арав гаруй жилийн турш цуцлаад байгаа хоригоо буцаан сэргээх арга хэмжээ авах болно гэж Мьянмарын сөрөг хүчнийхэнд анхааруулсан байна. Өнгөрөгч оны 11-р сард Мьянмар улсын парламентын сонгууль зохион байгуулагдаж, эрх баригч нам олонхын суудал авсан юм. Харин парламентын сонгуулийн дүнд сэтгэл хангалуун бус байгаа сөрөг хүчинтэй Мьянмарын эрх баригч ардчиллын төлөөх үндэсний лиг уулзалт зохион байгуулсан ч амжилтгүй өндөрлөсөн бөгөөд санал хураалтын дүнд луйвар орсон гэж сөрөг хүчин  үзсээр байгаа юм. Харин цэргийн хүчээр хяналт тогтоогоод байгаа Мьянмар улсад интернет тасалдаж, телевиз, радио харилцаа холбооны асуудлаас үүдэн мэдээ, мэдээлэл болон нэвтрүүлэг гаргах боломжгүй хэвээр байна. Үүний зэрэгцээ хамгийн том Янгон хотын хүнсний дэлгүүрүүдийн бараа багасаж, гудамжинд цэргүүд гарч, ард иргэдийг гэртээ байхыг анхааруулсан талаар гэрчүүд мэдэгджээ. Түүнчлэн Мьянмарын арим тус улсын засгийн газрын 24 сайдыг огцруулж, оронд нь 12 үүрэг гүйцэтгэгчийг томилсон бөгөөд эрх мэдлийг цэргийн генерал мин Аунг Хлайнд шилжүүлэх гэж байна гэж BBC агентлагийн Мьянмар дахь салбарын төлөөлөгчид мэдэгдсэн байна.