БНХАУ АНУ-тай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрх баригчид Тайванийн тусгаар тогтнолыг эрэлхийлсэн ямар ч оролдлого нь эх газрын хятадтай дайн зарласанд тооцно гэж анхааруулаад байгаа. Харин Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жо Байден Тайванийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь дэлхийн 2 том гүрний хоорондын хурцадмал байдалд нөлөөлнө гэж ажиглагчид үзжээ. Сүүлийн өдрүүдэд Тайванийн арал руу нисэх эх газрын хятадын нисэх хүчний онгоцнууд нэг бус удаа харагдах болсон талаар эх сурвалжууд мэдээлээд байгаа. Энэ үйлдэл нь Америкийн Нэгдсэн Улсын тусламжийг авч байгаа Тайваньд өгөх эх газрын Хятадын анхааруулга гэж гэж ажиглагчид үзжээ. Тодруулбал, нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөх ёслолдоо Тайванийн төлөөлөгчийг урьж, үүнээс хэд хоногийн дараа Тайванийн арлыг тусгаар тогтнолоо олоход нь туслахад бэлэн гэж мэдэгдсэн юм. Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гадаад хэргийн дэд сайд Ле Ючэн “Vision China” цахим хурлын үеэр дэлхий дахинд үр ашигтай эерэг бодлогуудыг хэрэгжүүлэх чиглэлд эх газрын хятадтай хамтрахыг Америкийн Нэгдсэн Улсын шинэ засаг захиргаанд уриалжээ. Тэрбээр шинэ ерөнхийлөгчтэй болсон Америкийн Нэгдсэн Улсыг эх газрын Хятадын дотоодын асуудлаас илүүтэй дэлхий дахинд тулгамдаж байгаа асуудалд хамгийн том эдийн засагтай орнууд гэдэг утгаараа хамтрах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр эх газрын Хятадын талаас дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг нэгдсэн улсад удаа дараа уриалсан ч Жо Байдены засаг захиргаа хүний эрх, худалдааны маргаан, Хонконг, Тайвань дахь нөхцөл байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар эх газрын хятадад үзүүлэх шахалтаа үргэлжлүүлсээр байх төлөвтэй байна. Хэдий Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Эх газрын Хятадын хүний эрх болон хавчин гадуурхах асуудлаас үүдэлтэй асуудлуудад ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна гэж CNN агентлагийн улс төр судлаачид үзжээ. Харин Тайванийн арлын тухайд, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь өөрийн нэг муж гэж үздэг бол Тайвань үндсэн хууль, цэрэг арми, сонгогдсон засгийн газартай тусгаар улс гэж өөрсдийгөө үздэг байна.