Засгийн газар: Цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан иргэдийг бүртгэлтэй болгохоор судалж байна

Манай улс “Ковид-19” цар тахлын эсрэг вакцины эхний татан авалтыг энэ долоо хоногийн сүүлээр эхлүүлж, дархлаажуулалтын ажлыг 2-р сарын 23-аас эхлүүлнэ гэж засгийн газраас мэдэгдээд байгаа. Тэгвэл тоон мэдээллээр:

- Нийт хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш насны 1 сая 978 мянга гаруй хүнээ вакцинд хамруулна.

- Одоогоор зорилтот хүн амаа дархлаажуулалтын 9 бүлэгт ангилж, шат дарааллын дагуу вакцинжуулахаар төлөвлөсөн.

- Тэгвэл манай улс “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд “Пфайзер” вакцины 25.740 тун, “Астразенека” вакцины 163.200-276.000 тун вакциныг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

- Улмаар татан авалт хийгдсэний дараа эхний ээлжид эрүүл мэндийн салбарын нийт ажилтан болон хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа цагдаа, онцгой байдлын алба хаагчид вакцинд хамрагдана.

Дархлаажуулалтын дараа вакцинд хамрагдсан иргэдийг бүртгэлтэй болгох, вакцины дэвтэр эсвэл цахим батламж бичиг олгох чиглэлээр засгийн газраас судалж байгаа юм байна. 

Манай улс жилийн 300 гаруй хоногийн хугацаанд цар тахалтай тэмцсэний эцэст “Ковид-19”-ийн эсрэг вакцины эхний татан авалтыг энэ долоо хоногт хийж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдмагц, 2-р сарын 23-аас дархлаажуулалтыг эхлүүлэхээр болжээ. Ингэхдээ 1-рт эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсад, 2-рт ээлжид хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын ажиллагсад, 3-рт 50-аас дээш насны хүн ам, 4-рт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 5-рт суурь өвчтэй хүмүүс, 6-рт дайчлагдах боломжтой ажиллагсад,  7-рт стратегийн ач холбогдолтой салбарын ажиллагсад, 8-рт бүх шатны боловсролын байгууллагын ажиллагсад, 9-рт вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам хамрагдана. ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө нийт иргэдээ цар тахлын вакцинд хамруулна гэж засгийн газар мэдэгдсэн. Энэ ч үүднээс 2021 оны эхний 2-р улиралдаа багтаан иргэддээ 2 тун вакцин хийж, хилээ нээх үү гэсэн өөдрөг хүлээлт байна. Мөн иргэд хилийн чанад руу явах тохиолдолд вакцинд хамрагдсан эсэхийг тодорхойлох нотломж бичиг чухал үүрэгтэй. Энэ тохиолдолд хилийн чанадаас ирэх иргэдээ ч “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинд шат дарааллын дагуу хамруулна. Засгийн газраас тун удахгүй аль вакциныг ямар хугацаанд иргэддээ хийх талаар тодорхой мэдээллийг хүргэх юм байна.