Манай улс вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангасан

Энэ сарын 23-ны өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг дуусмагц монгол улс иргэдээ “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Тэгвэл манай улсад -70 градуст хадгалах вакцинд зориулсан 26 ширхэг хөлдөөгч болон бүрэн тоноглож тохижуулсан 548 вакцинжуулалтын нэгж бэлэн байгааг мэргэжилтнүүд мэдээллээ. Монгол улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа. Учир нь манай улсын нийт хүн амын 63 хувийг 18-аас дээш насныхан эзэлдэг юм. Үүнээс 20 хувь буюу 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах вакциныг “Ковакс” хөтөлбөрөөр дамжуулан авна. Мөн одоогоор БНЭУ-аас манай улсад тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй нийлүүлэхээ мэдэгдээд байгаа. Харин үлдсэн иргэдээ дархлаажуулах вакциныг Pfizer/Biontech компаниуд болон ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинаас худалдан авч иргэддээ сонголт хийх боломж олгоно гэдгийг вакцины ажлын хэсэг мэдээлээд байгаа. Дархлаажуулалтыг аль ч вакцинаар хийсэн иргэд вакцины 2 тунд хамрагдана.  Вакцины эхний тунг тарьснаас хойш 3-4 долоо хоногийн дараа хоёрдугаар тунг тарих юм. Одоогоор цар тахлын эсрэг вакцинууд зургаа ба түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байна. Тэгвэл МУ-ын ерөнхий сайд халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж вакцин хүлээж авах, хадгалах бэлэн байдалтай танилцах үеэрээ “Вакцины хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална” гэлээ. Цаашид зарим вакцинуудын 9-12, 12-16 насныхан дээр хийж байгаа эмнэл зүйн туршилтын үр дүн батлагдвал 18-аас доош насныхан вакцинд хамрагдах боломжтой болох юм байна.