ЗГ: Дархлаажуулалтын ажил хийгдэж байгаа эрсдэлтэй үед танхимаар хичээллүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа

Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, танхимын сургалтыг 3-р сарын 1-ээс нээх саналтай байгаагаа салбарын сайд мэдэгдсэн. Процессын дагуу, танхимын сургалтыг нээх эсэх асуудлаар саналыг улсын онцгой комисс хэлэлцээд засгийн газар батлах ёстой ч одоогоор эцсийн шийдвэр гараагүй. Гэхдээ засгийн газар, дархлаажуулалтын ажил хийгдэж байгаа эрсдэлтэй үед танхимаар хичээллүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Гурван сар орчмын хугацаанд үргэлжилж байгаа боловсролын салбарын хөл хориог цуцалж, ЕБС-ийн танхимын сургалтыг улс орон даяар 3-р сарын 1-ээс эхлүүлэх саналтай байгаагаа боловсрол, шинжлэх ухааны сайд энэ сарын 3-нд мэдэгдсэн.  Хэдийгээр өнөөдрийн байдлаар теле хичээл үргэлжилж байгаа ч суралцагчдын тодорхой хувь нь тог цахилгаангүйн улмаас хичээллэх боломжгүй, орон нутгийн 20 орчим мянган сурагч отор нүүдэлд яваа зэрэг шалтгааны улмаас хичээлээс хоцрогдох асуудал тулгамдаад байгаа гэж мэдээлж байсан. Тэгвэл олон нийтийн дунд танхимын хичээлийг нээх эсэх асуудлаар явуулсан судалгаагаар, судалгаанд хамрагдсан эцэг, эхчүүдийн 60 хувь нь танхимын сургалтыг нээхийг дэмжсэн бол, 40 хувь нь итгэлгүй байгаагаа илэрхийлсэн. Харин сургуулиудын төлөөлөл халдвар, хамгааллын дэглэмээ сахиад үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой талаар хэлж байна. Харин процессын дагуу, танхимын сургалтыг нээх эсэх асуудлаар саналыг улсын онцгой комисс хэлэлцээд засгийн газар батлах ёстой ч одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Хэрэв танхимын сургалтыг эхлүүлбэл сурагчдаас PCR шинжилгээний хариу шаардах нь лавтай. Ийм тохиолдолд өрхийн шинжилгээний хариу тухайн сурагчид хүчин төгөлдөр мөрдөгдөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь чухал. Мөн шинжилгээний цэгүүдийг ЕБС-иудын байранд ажиллуулж байгаа бөгөөд танхимын сургалт эхлэхээс өмнө ариутгал халдваргүйтгэл хийх гэх мэтчилэн олон асуудал хүлээгдэж байна.