Дэлхийн худалдааны байгууллагын  тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдлоо

Дэлхийн худалдааны байгууллагын шинэ тэргүүний албан тушаалд нэр дэвшсэн найман хүнээс хоёр хүн буюу Нигер улсын сангийн сайд асан Нгози Оконжо-Ивеала, БНСУ-ын худалдааны сайд Ю Мен Хи нар тэргүүний суудалд өрсөлдөхөөр болсон. Тэгвэл дэлхийн худалдааны байгууллагын тэргүүнийг сонгох санал хураалтыг нэр нууцлах хэлбэрээр явуулжээ. Санал хураалтын үр дүнд түүхэндээ анх удаа эмэгтэй хүн уг албыг хашихаар болсон байна. Дэлхийн худалдааны байгууллагын шинэ тэргүүнээр Нгози Оконжо-Ивеала томилогдсоноор энэхүү албан тушаалыг түүхэнд анх удаа эмэгтэй, Африк гаралтай хүн хашихаар боллоо. Нигери улсад төрсөн Оконжо-Ивеала нь Харвардын их сургуулийг 1976 онд төгссөн бөгөөд Нигерийн сангийн сайдаар хоёр удаа, гадаад хэргийн сайдаар богино хугацаанд ажилласан анхны эмэгтэй болж байсны зэрэгцээ дэлхийн банкны тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдсөн анхны эмэгтэй болж байжээ. Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүний албан тушаалд нэр дэвшсэн Оконжо-Ивеала өнгөрсөн оны 10 дугаар сард газарзүйн бүх бүс нутгийн төлөөлөгчдийн дэмжлэгийг авсан боловч тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын засаг захиргаа түүний өрсөлдөгч болох бүгд найрамдах Солонгос улсаас нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Харин АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден хэд хоногийн өмнө Оконжо-Ивеалаг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Өдгөө 66 настай Оконжо-Ивеала ирэх гуравдугаар сарын 1-ээс дэлхийн худалдааны байгууллагын тэргүүний үүрэгт ажилдаа орох бөгөөд энэхүү албан тушаалыг 2025 оны наймдугаар сар хүртэл хаших юм. Тэрбээр дэлхий дахинд тулгарсан “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналтыг зохицуулахад гишүүн орнуудын хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой болохыг онцолжээ. Харин түүний өрсөлдөгч, нэр дэвшигч Ю Мен Хи нь Бүгд Найрамдах Солонгос улсын хамгийн залуу сангийн сайд бөгөөд Өмнөд Солонгосын чухал хэлэлцээ болох Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Хятад ард улстай хийсэн худалдааны хэлэлцээнүүдэд биечлэн оролцож байсан байна.