Америкийн нэгдсэн улсын автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани энэ онд бүгд найрамдах Энэтхэг улсад үйлдвэрээ нээхээр төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдэгджээ. Тус компани Энэтхэг улс дахь анхны үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өмнөд Карнатака мужид явуулна гэж тус улсын засгийн газрын баримт бичигт тусгасан байна. Өнгөрөгч ням гарагт танилцуулсан засгийн газрын баримт бичигт Америкийн нэгдсэн улсын “Тесла” компани өөрийн охин компаниуд болох “Tesla India Motors”, “Energy Private Limited”-ийг нэгдүгээр сарын 8-нд Карнатака Мужийн Бангалор хотод бүртгүүлжээ. Ингэсээр тус компани энэтхэг улсад үйлдвэрлэгдэх цахилгаан автомашины зах зээлийг бүрэн дүүрэн өргөжүүлэх боломжтой юм. Түүнчлэн хөгжиж буй орнуудын зах зээлд зориулж цахилгаан автомашиныг Энэтхэгт хямд үнээр үйлдвэрлэх боломжтой гэж эх сурвалжууд мэдэгджээ. “Тесла” компанийн зах зээлийн үнэлгээ өссөнөөр дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Илон Маскын хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн ч эх газрын хятадын зах зээлээс 36126 машинаа эргүүлэн татаж байгаа нь хэдэн зуун саяын алдагдалд түүнийг оруулсан байна. Тодруулбал, эх газрын Хятадын зах зээлийн зохицуулалтын газраас мэдээлснээр, 2013 оны есдүгээр сарын 18-аас 2018 оны хоёрдугаар сарын 20 -ны хооронд үйлдвэрлэсэн “Model S” загварын 20 428 суудлын машин, 2016 оны гуравдугаар сарын 12-оос 2018 оны хоёрдугаар сарын 16-ны хооронд үйлдвэрлэсэн “Model X” загварын 15 698 жийп машиныг хоёрдугаар сарын 5-аас татаж эхэлсэн байна.  Автомашинуудын салонд суурилуулсан 8gb-ын хэмжээтэй санах ойн карт нь хуучирсан учир мэдрэгчтэй дэлгэц, арын харах камер, эргэх дохионы гэрэл, халаалтын төхөөрөмжийг доголдуулж болзошгүй байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж эрх баригчид мэдэгджээ. “Тесла” компани өөрийн зардлаар санах ойн картын багтаамжийг 8gb-аас 64gb болгон нэмэгдүүлж, эргүүлэн татсан тээврийн хэрэгслүүдийг доголдлыг арилгаж, шинэчилсэн программ суулгана гэдгээ мэдэгдсэн байна.