Хүнсний бөөний төв, түгээлтийн үйл ажиллагаа зогссон учраас хүнсний дэлгүүрүүд бараагүй болжээ

Энэ сарын 16-аас хүнсний хомсдол үүсэхээс сэргийлж хүнсний зах, бөөний худалдааны төвүүдийг тусгай хуваарь гаргаж ээлжээр ажиллуулж эхэлсэн.  Тэгвэл сар шинийн баяраас хойш хүнсний бөөний төв, түгээлтийн үйл ажиллагаа зогссон учраас жижиг хүнсний дэлгүүрүүд бараагүй болжээ. Тэр дундаа талх нарийн боов, өндөг олдохгүй байгаа нь  иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа юм.  Энэ сарын 11-ээс нийслэл хот бүх нийтийн бэлэн байдалд шилжиж томоохон хүнсний зах, бөөний худалдааны төв, хүнсний түгээлтийн үйл ажиллагааг зогсоосон. Тэгвэл үүнтэй холбоотой хүнсний дэлгүүрүүд өргөн хэрэглээний бараагүй болсон байна. Тиймээс иргэд өндөг талхаа гэрийнхээ ойроос авах боломжгүй байгааг иргэд илэрхийлж байгаа юм. Харин хүнсний дэлгүүрүүдэд өнөөдрөөс талх ирж эхэлсэн байна. Өндөгний тухайд түгээлт нь зогссон учраас өөрсдөө өглөө эрт зах руу явж дугаарлан цөөн хайрцгийг авдаг болоод удаж байна. Хөл хорионы үед өөрсдөө явж бараагаа татахад хүндрэлтэй байгаа учраас зарим өдөр өндөггүй байгаа юм байна.УОК-ын шийдвэрийн дагуу Баянзүрх зах-2, Жуков худалдааны төв, Асайт төв, Баялаг ундраа зэрэг зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарь гарсан ч ихэнх газрууд хаалттай байна. УОК-оос бэлэн байдлын үед иргэдэд гэртэйгээ ойр байрлах хүнсний дэлгүүрээс хүнсээ авч аль болох гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаа. Гэвч гэртэй нь хамгийн ойр байрлах дэлгүүрүүд бараа татах газаргүйгээс бараагүй болсноос  болж хөл хорионы дэглэм алдагдах нөхцөл үүсээд байгаа юм байна.