Цар тахлын улмаас хувиараа бизнес эрхлэгч болон богино хугацааны гэрээт ажилтнууд ажилгүй болсон

2020 оны 4 дүгээр улирлын байдлаар хөдөлмөр эрхлэх насны буюу 15-65 насны нийт 1 сая 200 мянга гаруй иргэн байгаагийн 92 мянга орчим нь ажилгүй байна гэсэн судалгаа байгаа бөгөөд цар тахлын нөлөөгөөр ажиллах хүч буурчээ. Тэгвэл ажиллах хүч буурахад гол нөлөөлөх хүчин зүйл нь өмнө ажилтай байсан иргэдийн тоо буурсантай холбоотой болохыг онцолж байна.  Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд 2020 оны 4 дүгээр улиралд гарсан үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Учир нь хөдөлмөрийн эрхлэлтийн  статистик мэдээллийг нэгтгэх аргачлалд ажилгүй хүн гэдэг нь сүүлийн 7 хоногт хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэх зорилгоор ажил идэвхтэй хайж байгаа болон ажил хийхэд бэлэн байгаа хөдөлмөрийн насны хүнийг хэлдэг. Үүнээс гадна ажил эрхэлж буй иргэдийн тоо буурсан нь  хувиараа бизнес эрхлэгчид, болон богино хугацааны гэрээт ажилчид ажилгүй болж байгаатай холбоотой байна. Манай улсад дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор хөл хорионы дэглэм тогтоохдоо нийт ажиллах хүчний 10-15 хувийг ажлын байранд ажиллуулах бусад ажилтнуудыг гэрээсээ цахимаар ажиллахыг чиглэл болгоод байгаа. Уг шийдвэртэй холбоотойгоор ажилгүй байгаа иргэд болон гэрээсээ ажиллаж байгаа иргэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа талаараа мэдээлсээр байна. Тэгвэл ажилгүй болсон болон гэрээсээ ажиллаж байгаа иргэдийн хувьд урт цагаар ажиллах шаардлагатай болж байгаа бөгөөд илүү цагаар ажилласны цалин олгодоггүй, ажил олгогчдын ажилчдад тавих шаардлага нэмэгдсэн нь уян хатан нөхцөлгүй болгож байгааг хэлж байна.