Жирэмсэн болон эм бэлдмэлийн харшилтай иргэдэд цар тахлын эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөхгүй

Цар тахлын эсрэг вакцинд нийт насанд хүрсэн 1.9 сая хүнээ хамруулахаас гадна хилийн чанадаас ирэх  монгол иргэдээ ч орхигдуулахгүй гэдгээ засгийн газраас мэдэгдсэн. Харин жирэмсэн болон эм, бэлдмэлийн харшилтай иргэдийг тодорхой хугацаанд вакцинд хамруулахгүй. “Ковид-19”  цар тахлаар халдварлаж, эдгэрсэн иргэдийг 3 сарын дараа нэг тун  вакцинаар дархлаажуулах юм байна.  Манай улс 18-аас дээш насанд хүрсэн бүх хүнээ 9 бүлэгт ангилж, шат дараатайгаар дархлаажуулахаас гадна хилийн чанадаас ирэх  Монгол иргэдээ ч орхигдуулахгүй тус бүр 2 тун вакцинд хамруулна гэдгээ мэдэгдсэн. Хэдий тийм ч аливаа эм, эмийн бүтээгдэхүүн, бэлдмэлийн харшилтай, эсвэл жирэмсэн тохиолдолд цар тахлын эсрэг вакцинд хамрагдахгүй байхыг зөвлөж байгаа юм байна. Цар тахлын эсрэг вакциныг татан авах гэж байгаатай холбогдуулан вакцин хийлгэх эсэх талаар олон нийтийн байр суурь хуваагдаад байгаа. Тэгвэл вакцин нь шинжлэх ухааны салбарт бий болсон гайхамшиг бөгөөд олноороо хийлгэж байж сүргийн дархлаа тогтдог гэдгийг дархлаа судлаач онцолж байна. Мөн вакциныг хүйтэн хэлхээнд тохируулан тээвэрлэх, хадгалах, заасан товлолын хугацаанд нь хийлгэх, тухайн хувь хүний дархлаа зэрэг 3 үндсэн шалтгаанаас хамаарч дархлал тогтдог гэдгийг анхаарууллаа. манай улс вакцинаа хүлээж авмагц нэг баг өдөрт дунджаар 50-80 хүнийг цар тахлын эсрэг вакцинд хамруулна. Эрсдэлтэй учраас вакцинжуулалтыг сургуулийн анги, танхимаас өөр газар зохион байгуулахаар судалж байгаа юм байна.