Мьянмарын эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүст 20 хүртэлх жилийн хорих ял онооно

Мьянмар улсад онц байдал зарласан цэргүүдийг үл харгалзан төрийн эргэлтийг шүүмжилсэн, удирдагч Аун Сан Су Чиг суллахыг шаардсан олон арван мянган хүний жагсаал 11 дэх хоногтоо үргэлжилж байна. Мьянмарын цэргийн хүчнийхэн нийгмийн сүлжээний фейсбүүк, твиттер зэрэг хуудсуудыг жагсаалын үеэр хаасан бөгөөд эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүст 20 хүртэлх жилийн хорих ял онооно гэж мэдэгджээ.  11 дэх өдрөө үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаал Мьянмар улсын Янгон зэрэг хэд хэдэн том хотод өрнөж байна. Олон мянган хүн нийслэл Нейпьидо хотын засаг захиргааны байрны урд жагсаж, ардчиллыг дэмжсэн уриа хашхирч, цэргийн дарангуйллыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн лоозонгуудыг барьсан байжээ. Түүнчлэн энэхүү эсэргүүцлийн жагсаалд лам нар оролцож байгаа бөгөөд Мьянмарын удирдагчдыг суллахыг тайван замаар шаардсаар байгаа юм. Тэгвэл төрийн эрхийг булаан авсан сөрөг хүчний удирдагч, цэргийн генерал Мин Аунг Хлайн  эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүст 20 хүртэлх жилийн ял онооно гэж анхааруулжээ. Мөн төрийн эргэлт хийсэн удирдагчдыг үзэн ядах, үл хүндэтгэх үзлийг цахим хуудсанд өдөөсөн этгээдүүдэд мөнгөн торгууль ногдуулах болсноо мэдэгдсэн байна. Харин нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрхийн комисс үг хэлэх эрх чөлөө, мэдээлэл олж авах хүний эрхийг дээдэлж, интернет, харилцаа холбооны сүлжээнүүдийг бүрэн сэргээх хэрэгтэй гэж анхааруулжээ. Хэдийгээр удирдагч Аун Сан Су Чи-г түр саатуулах хугацаа өчигдрөөр дуусгавар болсон ч парламентын дахин сонгууль явагдах болон шүүх хурал болох хүртэл олон нийтийн өмнө ил гаргахгүй гэж цэргийн хүчнийхэн мэдэгдсэн байна.