Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглодог болно

Хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дуу, дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан,  эсвэл дамжуулсан бол хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн орчинтой болохоор хуулийн төсөл боловсруулаад байгаа. Өөрөөр хэлбэл, хуулиар нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, хувцас солих өрөө, эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хоригложээ. Хэрэв хуулийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн эсвэл зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болохоор хуулийн төслийг боловсруулжээ.

Нэгэн эмэгтэй Улаанбаатар хотын нэр бүхий гоо сайхны төвөөр үйлчлүүлдэг бөгөөд нэг өдөр тухайн төвийн хувцас солих өрөөнд хяналтын камер байршуулсныг олж харжээ. Энэ талаар үйлчилгээний газраас тодруулахад, “Хулгайн гэмт хэргээс сэргийлж хяналтын камер байршуулсан, гэхдээ эмэгтэйчүүдийг хувцас солих үед камерыг хэн нэгэн хараад сууж байдаггүй” гэх болсон явдлын талаар олон нийтийн сүлжээнд тавигдсан жишээ байдаг. Гэтэл энэ нь хүний эмзэг мэдээлэл, хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд илтэд халдсан асуудал юм. Тэгвэл үүн шиг олон асуудлыг цэгцлэх, эрх зүйн орчинтой болгохоор засгийн газраас хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Хуулийн төсөлд, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох гарах хэсгийг хамруулах, хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, ариун цэврийн өрөө, эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хоригложээ. Харин хуулийн төсөлд зааснаар, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системийг нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хувь хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн байдлыг хангах, замын хөдөлгөөний мэдээлэл цуглуулах, боловсруулах ашиглах, түүнд дүн шинжилгээ хийх зорилгоор дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулж болно гэж заажээ. Одоогоор хуулийн төсөлтэй холбогдуулан ХЗДХЯ-аас олон нийтийн дунд санал асуулга явуулж байгаа. Засгийн газраас УИХ-д хаврын чуулганаар өргөн барина гэсэн мэдээлэл байна.