3-р сарын 1-ийг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг рүү шилжиж байгаа ч хот хоорондын зорчих хөдөлгөөнийг тодорхой хязгаарлалттай байхаар байна. Өөрөөр хэлбэл, орон нутгаас Улаанбаатар хот руу, мөн орон нутаг чиглэх иргэд ирэх сарын 1-ийг хүртэл хүлээх шаардлагатай юм. Харин хүндэтгэх шалтгаантай иргэдийн  pcr шинжилгээний хариу болон аймаг, нийслэлийн онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцуулах юм байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотой нийслэл рүү орох болон гарах хөдөлгөөнийг хаасан. Харин энэ сарын 23-ний өдрөөс хатуу хөл хорионы дэглэмийг бууруулахтай холбогдуулан хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээнэ хэмээн мэдээлж байсан юм.  Тэгвэл засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс нийслэл халдвартай бүс хэвээр байгаа учраас нийслэл болон орон нутгаас орох, гарах хөдөлгөөнд ирэх сарын 1-ийг хүртэл хязгаарлалт тогтоосон хэвээр байхыг мэдэгдлээ. Харин хүнс болон эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр, шуудангийн ажилтан хот хооронд зорчих боломжтой хэвээр байгаа юм. Түүнчлэн хүндэтгэх шалтгаантай иргэд аймаг болон нийслэлийн онцгой комиссын зөвшөөрлөөр хот хооронд зорчих боломжтой буюу өмнөх шаардлагын дагуу зорчих боломжтой юм байна. Түүнчлэн хот хооронд зорчих хөдөлгөөн нээгдсэний дараагаар  Улаанбаатар хотоос зорчих иргэд pcr шинжилгээнд заавал хамрагдана. Харин орон нутгаас ирэх иргэд асуумж хуудас бөглөнө. Хот хооронд нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд зам дагуух үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг баримталж зорчих юм байна.  Улаанбаатар хотоос эрүүл бүст очсон иргэд гэрийн тусгаарлалтын  журмыг хэрэгжүүлэн 14 хоног гэртээ тусгаарлагдах шаардлагатай.