Ц.Ганзориг: Халдварын эрсдэл өндөр байгаа зарим хороонд хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй

Нийслэлийн нийт өрхийн дунд хийсэн “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ээр халдварын 100 гаруй тохиолдол илэрсэн нь иргэдийн дунд “Ковид 19” халдвар шинж тэмдэггүй байсаар байгааг харуулж байна. Тиймээс орон зайн дүн шинжилгээний багийн хийсэн үнэлгээгээр эрсдэл өндөртэй нь тогтоогдсон дүүргүүдийн зарим хороонд хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүйг засгийн газраас мэдээллээ. Энэ сарын 23-нд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хоёр түвшин бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжүүлсэн. Ингэснээр 5 төрлийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хэвийн горимоор ажиллахаар болсон. Гэхдээ энэ нь цар тахлыг бүрэн хумьсан гэсэн үг биш юм. Учир нь, өнөөдрийг хүртэл зарим дүүрэг, хороонд халдвар голомтлон бүртгэгдсээр байна. УОК-ын орон зайн дүн шинжилгээний багийн хийсэн үнэлгээгээр:

Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40 хороо

Баянгол дүүргийн 6,8,10,16,17, 25  хороо

Хан-уул дүүргийн 2,3, 11, 18,19,20 хороо

Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13, 19 дугаар хороо,

Сүхбаатар дүүргийн 11, 16, 18 хороо

Баянзүрх дүүргийн 8, 16, 25, 26 дугаар хороонд “Ковид-19” халдвар илрэх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс халдварын эрсдэл өндөр байгаа дээрх хороонд хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй юм байна. Түүнчлэн нийслэлийн засаг дарга  халдварын эрсдэл өндөр гарсан зарим дүүрэг, хорооны өрхүүдээс дахин pcr шинжилгээ авахыг үгүйсгэхгүй гэсэн юм. Хэдийгээр хөл хориог сулруулах ч төрийн албан хаагчдыг гэрээс нь ажиллуулах зохицуулалт хэвээрээ байна. Харин хөл хориог хэсэгчилж сунгавал халдварын эрсдэлтэй хороонд амьдарч байгаа, хувийн байгууллагад ажилладаг иргэдийн гэрээсээ ажиллах нөхцөлд анхаарах хэрэгтэйг албаныхан хэлсэн юм.