БНСУ-ын волейболын үндэсний шигшээ багаас Ли Жэ Ён, Ли Да Ён нарыг хаслаа

БНСУ-ын волейболын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс ихэр тоглогчид болох Ли Жэ Ён, Ли Да Ён нарыг хасжээ. Ихэр эгч дүүсийг дунд сургуульд суралцаж байх хугацаандаа бусдыг дээрэлхэж байсан гэх шалтгаанаар тоглох болон багшлах эрхийг нь тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Өдгөө 24 настай ли Жэ Ён, Ли Да Ён нар нь өмнөд солонгосын эмэгтэйчүүдийн волейболын хамгийн нэртэй баг болох “Pink Spiders”-ийн гишүүд бөгөөд тус баг өмнөд солонгосыг төлөөлөн Токиогийн олимпд амжилттай оролцоход голлох үүрэг гүйцэтгэх төлөвтэй байсан юм. “Pink Spiders” багийн холбон тоглогч Ли Да Ён, довтлогч Ли Жэ Ён нар өөрийг нь дээрэлхдэг байсан талаар дунд сургуулийнх нь багийн тоглогч өнгөрөгч долоо хоногт цахимаар мэдэгдсэн бөгөөд тэднийг хүч хэрэглэх, мөнгө хулгайлах, бусдыг хүйтэн зэвсэг ашиглан заналхийлсэн гэх мэтээр буруутгасан байна. Тухайн хохирогчоос гадна дор хаяж дөрвөн хүн тэдний буруутай үйлдлийн улмаас хохирсон гэж мэдэгджээ. Хэдийгээр ихэр эгч дүүс өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан өмнө нь зохисгүй зан авир гаргаж байснаа хүлээн зөвшөөрсөн ч солонгосчуудын хувьд хэн нэгнийг дээрэлхэх үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж, хөх ордонд 122 мянга орчим хүн гарын үсгээ зуран, үндэсний шигшээ багийн тамирчин байх эрхийг нь бүх мөсөн цуцлахыг уриалсан байна. Бүгд найрамдах солонгос улс нь сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг хүлээн зөвшөөрдөггүй орон бөгөөд хатуу арга хэмжээ авч, хариуцлага ногдуулдаг. Ихэр эгч дүүсээс гадна Sky Castle олон ангит киноны жүжигчин Jo Byung Gyu, Kim Dong Hee, Seventeen хамтлагийн гишүүн Kim Myungyu, Ioi-ийн гишүүн асан Kim Sohye нарыг сургуульд суралцаж байх үедээ хүүхэд дээрэлхдэг байсан гэх цуурхал яригдаж байгаа юм. Хэдийгээр хариуцсан Entertainment-ийн зүгээс уг мэдээллийг эрс няцаах болон шалгаж байна гэж мэдэгдсэн ч Бүгд Найрамдах Солонгос улсын ард иргэдийн зүгээс олны танил хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой гэж анхааруулаад байна.