ДЭМБ: Вакцины хүчтэй гаж нөлөө илэрсэн тохиолдолд нөхөн төлбөр олгоно

ДЭМБ-аас “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакциныг хэрэглэсний дараа хүчтэй гаж нөлөө илэрсэн тохиолдолд нөхөн төлбөр олгох төлөвлөгөөг боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөө нь дэлхий дахинд цар тахлын эсрэг вакциныг тэнцвэртэй тараах олон улсын Ковакс Механизмын хүрээнд вакцин хүлээн авах бага болон дундаж орлоготой 92 улсад хамаатай юм. Дэлхий нийтийг вакцинжуулах аяны хүрээнд боловсруулсан анхны нөхөн төлбөрийн тогтолцоо энэ болж байгаа бөгөөд “Ковид-19” халдварын эсрэг вакцинаас хүчтэй гаж нөлөө илэрсэн өвчтөний шүүхэд хандах урт хугацааны өндөр зардалтай үйл явцыг хөнгөвчлөх нэн ач холбогдолтой юм байна. Тус хөтөлбөр нь 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хэдийгээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагад “Ковид-19”-ийн халдварын эсрэг  вакцин хүнд аюул учруулна  гэсэн мэдээлэл ирээгүй ч боломжит талуудыг харгалзан үзэх ёстой гэж тус байгууллагын мэргэжилтнүүд мэдэгдсэн байна. Учир нь “ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин маш богино хугацаанд зах зээлд нэвтэрсэн бөгөөд хэрэглэгчдийн аюулгүй байдлыг тандан судлах чухал юм. ДЭМБ-д дэлхийн вакцины аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх хороо ажилладаг байна. Тус хорооны зорилго нь улс орон, вакцин үйлдвэрлэгчид, түүнтэй холбоотой зохих байгууллагаас долоо хоног тутамд тухайн вакцины мэдээллийг авч, судлах юм. Өнөөдрийн байдлаар улс орнуудад нийт 212 сая хүн цар тахлын эсрэг вакциныг хийлгээд байгаа ч амь насанд халтай гаж нөлөө өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байгаа юм байна.