Мьянмар улсын иргэд бүх нийтийн ажил хаялт зарлаж байна

Мьянмар улсад төрийн эрхийг хүчээр булаасан авсан цэргийн дэглэмийг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт зарлаж байна. Гудамжинд олон мянган хүн тайван замаар жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч цэргийн хүчнийхэн хүн амиа алдаж болзошгүйг анхааруулжээ. Мьянмар улсад өнгөрөгч 13-ны өдрөөс эхлэн цэргийн хүчнийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 20 мянга орчим иргэн оролцож байна гэж эх сурвалжууд мэдэгджээ. Түүнчлэн бүх нийтийн ажил хаялт болж, дийлэнх байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Гэрчүүдийн зүгээс төрийн албан хаагчид, сэтгүүлчид, эмнэлгийн ажилтнууд хүртэл жагсаж байна гэж мэдэгджээ. Сөрөг хүчний эрх баригчид жагсагчдыг аюултай алхам сонгож байгааг анхааруулж, энэ үйлдлээс болж хүн амиа алдаж болзошгүйг анхааруулжээ.  Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн ням гарагт жагсагчид болон цагдаагийн алба хаагчдын хооронд мөргөлдөөн болсноос хоёр хүн амиа алдсан байна. Тэгвэл Мьянмарын цэргийн хүчин жагсагчдын тараахын тулд галт зэвсэг, биеийн хүч хэрэглэсэнтэй холбоотойгоор америкийн нэгдсэн улсын эрх баригчид тус улсын хоёр генералд хориг арга хэмжээ авчээ. Энэ тухай тус улсын сангийн яамны гадаад хөрөнгийг хянах алба мэдэгдсэн бөгөөд хоригийн жагсаалтад орсон хүмүүст Америкийн иргэд эсвэл компаниудтай хамтран бизнес эрхлэхийг хориглохоос гадна тус улс дахь хөрөнгийг битүүмжилдэг байна. Америкийн нэгдсэн улсаас гадна их британи, европын холбоо, австрали хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн бол хөрш Камбож, тайланд зэрэг улсууд Мьянмарын дотоод асуудал гэж мэдэгдэж, тайлбар хийхээс татгалзжээ.