ЭМДС-аас нийт 16 төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 100 хувь санхүүжүүлнэ

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь бүрэн хариуцах амбулаторийн үзлэг, хяналт, шинжилгээ, хэвтэн эмчлүүлэх болон эрчимт өдрийн эмчилгээг хамруулсан нийт 16 төрлийн тусламж үйлчилгээний зардлыг гүйцэтгэлээс нь харгалзаж эмнэлгүүдэд санхүүжилт олгож эхэлжээ. Үүнд зүрхний төрөлхийн гажиг засах мэс засал болон бүх төрлийн хорт хавдрын тусламж үйлчилгээ зэргийг хамруулж байгаа юм байна. Дээрх эмнэлгийн үзлэг болон бусад төрлийн үйлчилгээг тодруулбал зүрхний төрөлхийн гажиг засах мэс засал, бүх төрлийн хорт хавдрын тусламж үйлчилгээ, амбулаторид хийгдэх мэс ажилбарууд, шүд амны хөндийн тусламж үйлчилгээний багц, сэргээн засах зарим эмчилгээ, жирэмслэлттэй холбоотой хяналт, химийн болон туяаны эмчилгээ, хавсарсан эмгэг, эх барихын эмнэлгийн хүүхдэд үзүүлэх зарим тусламж, аргагүй хамгаалалт буюу гарцаагүй байдлын улмаас гэмтсэн бэртэл, сэтгэцийн эмгэгийн нөхөн сэргээх эмчилгээний зарим эмийн зардал, түлэгдэлт, хавдар, элэг эмчлэх эмчилгээ, бие махбод, бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх тусламж үйлчилгээ, яаралтай тусламжийг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. Харин энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хийлгэсэн эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд нөхөн олговор ойлгохгүй болохыг сануулж байна. Мөн даатгуулагч хөнгөлөлттэй эм авахын өмнө заавал эмчид үзүүлж, хурууны хээгээ баталгаажуулсан байх шаардлагатай. Учир нь үзлэгт хамрагдаагүй, эмч жор олгоогүй тохиолдолд тухайн иргэнд үйлчилгээ үзүүлэхгүй юм байна. Үүнээс гадна жилийн дунд үеэс дээрх тогтоолд нэмэлт өөрчлөлт орж болохыг хэлж байсан юм. Ингэснээр эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжих эмнэлгийн тусламж үйлчилгээг цаашид нэмэгдүүлэх юм байна.