“ЖДҮ” эрхлэгчид: Банкны тавьсан шаардлага хэт өндөр байгаагаас 3 хувийн хүүтэй зээл авах боломжгүй байна

Жижиг дунд бизнес нь аливаа улсын эдийн засгийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг.

-Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 86 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг бөгөөд тэд нийт ажлын байрны 57 хувийг бүрдүүлдэг байна.

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнгөрөгч оны төгсгөлд 20 аймаг, 9 дүүргийн 2000 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг хамруулсан судалгаа явуулсан байна.

-Судалгаанд оролцогч жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн 98.6% нь цар тахлаас шалтгаалаад үйл ажиллагаа нь маш хүнд байдалтай байгааг хэлжээ.

-Харин 36 % нь 1 сарын хугацаанд хэрэглэх мөнгө байна гэсэн бол 33 % нь огт орлого байхгүй, тасарсан гэсэн хариулт өгчээ.

Тиймээс засгийн газраас хүнд нөхцөлд орсон жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж, ажлын байрыг хадгалах зорилгоор 3 хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай зээл олгохоор болсон. Тэгвэл бизнес эрхлэгчид зээл авахыг хүссэн ч ихэнх жижиг дунд үйлдвэрлэгч банкны тавигдах шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэдгийг хэлж байгаа юм. Засгийн газраас ЖДҮ эрхлэгчдэд нийт 2 их наяд төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр аан нь жилийн 3%-ийн хүүтэй, 500 сая төгрөг хүртэлх зээлийг 3 жилийн хугацаатай авах боломжтой. Харин зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр олгох бөгөөд зээлд хамрагдах аж ахуй нэгжүүдэд 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө байгуулагдсан байх, зээлдэгчтэй хамааралтай этгээд нь 2019 оны эцсийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх, 2019 оны эцсийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл, татварыг өргүй байх. Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тогтмол гаргасан байх. 2020 оны нийгмийн даатгалын шимтгэлд татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх. Икс тайлан мэдүүлээгүй байх, барьцаа хөрөнгөтэй байх зэрэг шаардлага тавьжээ. Тэгвэл бизнес эрхлэгчид энэ шаардлагуудыг хангахад хүндрэлтэй байгааг хэлж байна. Харин баялаг бүтээгчдийг дэмжих холбоо тус зээлийг бизнес эрхлэгчдэд тэгш хүртээмжтэй олгуулах үүднээс сонгон шалгаруулалтын хороонд өөрсдийн төлөөллөө оруулах хүсэлтэй байгаагаа ярилаа. Эдийн засагчид Ковидын үед олгож байгаа 2 их наядын зээлийн банкны шалгаруулалт нь уян хатан онцгой нөхцөлтэй байх хэрэгтэй. Хатуу шаардлагад үндэслэж биш ААН-үүдийн бодит байдал дээр үндэслэж зээлээ олговол олон аан ажлын байраа хадгалж эдийн засаг сэргэнэ гэдгийг сануулж байна. Харин УИХ дарга Г.Занданшатар банкны нарийн дүрэм журамд төр хөндлөнгөөс оролцоод нөлөөлөөд байх боломжгүй гэдгийг ЖДҮ эрхлэгчидтэй хийсэн Клабхаусын хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.