Өсвөр насныханд хувийн орон зайг нь олгож, тэднийг хүлээцтэй сонсох нь чухал гэж сэтгэл зүйч зөвлөлөө

Өчигдөр өсвөр насныхны сэтгэл зүйн өдөр тохиолоо. Найз нөхөд, ангийнхантайгаа цагийг илүү өнгөрөөж, тэдэнтэйгээ сэтгэл зүйн мэдрэмж, сонирхол, үерхлийнхээ талаар нууцаа ярьж хуваалцах дуртай байдаг нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог юм байна. Тэгвэл эцэг эхчүүд үүнийг нь ойлгож, хүүхдүүддээ хувийн орон зайг нь олгож байх нь чухал гэж сэтгэл зүйч зөвлөлөө. Нийгэмд үр бүтээлтэй, амжилттай нэгэн байх бие хүний төлөвшлийн суурь чадваруудын 70% нь өсвөр насанд бүрэлдэн тогтдог байна. Тэгвэл хүүхдийн өсвөр насны хөгжилд тархины хөгжил, нийгэм сэтгэл зүйн хөгжил, харилцаа холбоо гээд олон талын хүчин зүйл нөлөөлж байдаг. Хүүхдүүд ихэвчлэн 13-18 насан дээрээ уур уцаартай болох, аливаа зүйлийг эмзэг хүлээж авах, хэт мэдрэг хандах нь түгээмэл ажиглагддаг. Тиймээс цөөнгүй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах, ярилцах учраа олдоггүй. Харин зарим эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцахдаа гаргадаг нийтлэг алдаа нь өөрсдөө маш их ярьж, үзэл бодлоо тэдэнд тулгадаг байна. Мөн өсвөр насанд тохиолдсон баяр жаргал, хар бараан дурсамжууд насан туршид нь тод хадгалагдан үлддэг тул дурсамж болон туршлагаар дамжуулан хүүхдийнхээ сэтгэл зүйд эергээр нөлөөлөх боломжтой гэлээ. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ ирээдүйд хариуцлагатай нэгэн болгохыг хүсвэл насанд нь тохирсон ажлыг даалгаж, хариуцлага хүлээлгэж  байх хэрэгтэй. Ингэснээр бие даасан хариуцлагатай нэгэн болж төлөвшихөд тустай гэдгийг сэтгэл зүйчид зөвлөж байна.