Ажлын байрны бэлгийн дарамтад өртвөл үйл явдлыг заавал баримтжуулах шаардлагатай

Ажлын байран дахь бэлгийн дарамт нь хүний эрхийг зөрчиж, чимээгүй үйлдэгддэг гэмт хэрэг юм. Үүнээс шалтгаалж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд ажлаас халагдах хүртэл нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэйг албаны хүмүүс хэлж байна. Иймээс ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд заавал үйл явдлыг баримтжуулж хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хэрэгтэй гэлээ. Ажлын байрны бэлгийн дарамтыг илэрч байгаа байдлаар нь авч үзвэл биед зохисгүй хүрэх, зөвшөөрөлгүй үнсэх, тэврэх, гижигдэх, илэх, зэргээр биед халдах хэлбэрүүд байна. Үүнээс гадна өндөр цалин амлах, сайн дүн өгөх зэргээр ямар нэгэн боломж санал болгож оронд нь бэлгийн таашаал үзүүлэхийг шаардах, дарамтлах, ялгаварлах, нэр төр гадаад төрх, хувийн амьдралыг гутаан доромжлохыг ажлын байрны бэлгийн дарамт гэж үзнэ. Мөн ёс бус байдлыг харуулсан зураг, порно материал өгөх, захиа зурвас, факс илгээж бичгээр албадах, зохисгүй элдэв дуу авиа гаргах, биеийн хэсэг рүү ширтэж бэлгийн харьцаанд өдөж, дохио зангаагаар албадах зэрэг хүний эрхийг зөрсөн бүхий л байдлыг хамааруулдаг байна. Тэгвэл дээрх төрлийн гэмт хэрэг нийгэмд хэр их үйлдэгддэг талаар зарим иргэдээс тодруулахад хариулт өгсөн эрэгтэйчүүдийн зүгээс төдийлөн их байдаггүй байх гэж хариулсан бол эмэгтэйчүүдийн зүгээс далд хэлбэрээр маш их үйлдэгддэг гэж хариулсан юм. Тэгвэл ажил болон сургууль дээрээ бэлгийн дарамтад өртөж байгаа тохиолдолд тухайн хэргийн талаар баримтжуулах буюу зураг дарах, хэн нэгэнд мэдэгдэх, ирсэн , дарамтлагчид өөрийнх нь зүй бус үйлдлийн талаарх баримт нотолгоо байгааг хэлж сануулах, нэг удаа сануулахад дарамтаа зогсоохгүй байвал байгууллагынхаа захиргаанд эсвэл хүний эрхийн комисс, үйлдвэрчний эвлэлийн холбоонд болон бусад төрийн бус байгууллагад хандаж дарамтлагчид хариуцлага тооцуулах юм. Иймээс ажлын байранд бэлгийн дарамтад өртөж байвал  нотлох баримтыг заавал хадгалах шаардлагатай байдаг бөгөөд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх юм. Харин баримтжуулж чадаагүй тохиолдолд тухайн хэрэг эцэслэгдэн шийдэгдэхэд хүндрэлтэй байдаг байна.