Харшлын сорил тавиулахаас 72 цагийн өмнө харшлын эм ууж болохгүй

Жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн харшлын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эхэлдэг байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс харшлын сорил, шинжилгээ хийлгэснээр ямар төрлийн харшилтай болохоо таньж мэдэх нь зайлшгүй шаардлагатай юм байна. Түүнчлэн энэ оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр иргэдэд үнэгүй харшлын сорил, шинжилгээг хийж эхэлжээ. Манай улсын нийт хүн амын 4 хүн тутмын 1 нь ямар нэгэн байдлаар харшлын эмнэл зүйн шинж тэмдэгтэй байдаг бөгөөд жил бүр 5000-6000 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэлээ. Тэгвэл харшил үүсгэгч хүчин зүйлс нь удамшлын, ургамлын болон бусад төрлийн тоос тоосонцор, эмийн зохисгүй хэрэглээ, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон химийн буюу гоо сайхны бүтээгдэхүүний харшил үүсгэгч нэгдлээс шалтгаалдаг байна. Эмнэлгийн зүгээс харшлын сорилыг жилийн 4 улирлын туршид хийдэг боловч иргэд энэ талын мэдээлэлгүйгээс шалтгаалж өөрт тохирохгүй эмийг дур мэдэн хэрэглэдэг байна. Тэгвэл таарамжгүй эмийн зохисгүй хэрэглээ нь хүний дааврыг өөрчлөх, харшилд улам мэдрэг байдал нь нэмэгдэх эрсдэлтэй байна. Хэрэв иргэнд харшлын төрлийн буюу ханиах найтаах, арьсан дээр тууралт үүсэх гэх мэт шинж тэмдэг илэрвэл өөрийн харьяа дүүргийн эмнэлэгт урьдчилан үзлэгт хамрагдаж дараагийн шатлал болох нарийн мэргэжлийн эмчээр харшлын сорил шинжилгээ хийлгэх боломжтой юм байна. Мөн нарийн мэргэшлийн эмчээр сорил тавиулахаас 72 цагийн өмнө харшлын эм уугаагүй байх, мөн цусны шинжилгээ хийлгэсэн байвал цаг хугацаа хэмнэх давуу талтай гэлээ. Түүнчлэн энэ оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр иргэдэд харшлын сорил, шинжилгээг хийж эхэлсэн байна.