Өнгөрөгч амралтын өдрүүдэд монгол орны ихэнх нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл болсны улмаас зарим аймагт цахилгаангүй болоход хүрсэн. Тэгвэл энэ үеэр Дундговь аймагт хамгийн их гарз хохирол учирч 9 хүн шуурганд осгож нас барсан байна. Хаврын 3,4 дүгээр сар салхи шуурга ихтэй байдаг тул малчид, иргэд цаг агаарын мэдээг цаг тухайд нь авч, салхи шуургатай үед малаа хол бэлчээхгүй, холын замд гарахгүй байхыг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Амралтын өдрүүдэд салхи секундэд 20-24 м.сек, зарим нутгаар 30-40 м.сек хүрч ширүүсжээ. Архангай Булган, Өвөрхангай, Завхан, Увс, Төв, Ховд, Хөвсгөл зэрэг 12 аймгийн 51 суманд 586 хүн шуурганд төөрсөн дуудлага мэдээлэл аймгуудын онцгой байдлын газарт ирсэн байна. Үүнээс 565 иргэнийг эсэн мэнд олж 12 иргэнийг эрэн хайж байна. Байгалийн аюулт үзэгдлээс болж Дундговь аймагт хамгийн их осол, гарз хохирол учирсан байна. Тус аймагт болж 9 хүн шуурганд осгож амь нас барсан байна. Мөн Архангай аймагт 5 настай хүүхэд малдаа явсан аав ээжийнхээ араас гарч шуурганд эндсэн байна. Шуурганаас үүссэн эд малын хохирлыг авч үзвэл 58 гэр, 120 хашаа саравч нурж, 20 гаруй байшингийн дээвэр хуурсан байна. Мөн нийт 1200 мал шуурганд урууджээ. Хаврын 3,4 дүгээр сар салхи шуурга ихтэй байдаг тул цаашид малчид иргэд цаг агаарын мэдээг цаг тогтмол авч, салхи шуургатай үед малаа хол бэлчээхгүй, холын замд гарахгүй байхыг онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.