Иргэд вакцинжуулалтын цэгт халдвар хамгааллын дэглэмийг сахиж хүн хоорондын зайг баримтлах шаардлагатай 

Нийслэлийн хэмжээнд нийт 112 мянга гаруй иргэнийг цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна. Тэгвэл зарим вакцинжуулалтын цэгт эмнэлгийн ажилтнуудын ачаалал нэмэгдэж, харин иргэдийн хувьд хүн хоорондын зайг баримтлахгүй байгаагийн улмаас халдвар хамгааллын дэглэм алдагдаад байна. Манай сурвалжлах баг вакцинжуулалтын цэгт очиход өчигдрийн хувьд нийт 837 иргэнийг вакцинжуулахаас 14 цагийн байдлаар 407 иргэнийг вакцинжуулсан байсан юм. Харин иргэдийн хувьд хүн хоорондын зайг огт баримтлаагүй байсан бөгөөд дараалалд удаан хүлээж байна гэсэн хариултыг бидэнд өгсөн юм. Тэгвэл вакцинжуулалтын цэгт халдвар хамгааллын дэглэм алдагдаж буй талаар тус цэгийг хариуцсан холбогдох ажилтнаас тодруулга авлаа. Тэрбээр өнөөдрийн хувьд зөвхөн цэцэрлэгийн багш ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулж байгаа бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч нар нь ажилтнуудад мэдээлэл өгч халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах ёстой байсан талаар хэлж байна. Иймээс иргэдийг вакцинжуулалтын цэг болон шинжилгээний цэгт очихдоо халдвар хамгааллын дэглэмийг сахиж хүн хоорондын зайг баримлах шаардлагатай байгааг холбогдох байгууллагаас сануулж байна.