Улаанбаатар хотыг гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжүүлж байгаатай холбоотойгоор хот хоорондын зорчих тээврийн хөдөлгөөнийг 3 дугаар сарын 28-ны өглөөний 6 цаг хүртэл хязгаарлахаар боллоо. Хот хоорондын зорчих тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаатай холбогдуулан зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутаг руу зорчих зарим төрлийн тээвэр, иргэдийн хөдөлгөөнд тодорхой зохицуулалтыг хийжээ. Тодруулбал хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэндийн шалтгаантай, албан томилолт, буяны ажилд оролцох иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр буюу хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад тээвэрлэгчдийг тухайн аймгийн онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах юм. Харин нийслэл руу орох иргэдийн хувьд халдварын тархалт бүртгэгдсэн газраас ирж байгаа тохиолдолд PCR шинжилгээний хариутай байх бол бусад бүс нутгаас ирж байгаа иргэдийн хувьд асуумж бөглөн нэвтэрч болох юм байна. Тэгвэл нийслэлийн авто тээврийн товчоодоос гадна байрших Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нийслэл рүү нэвтрүүлэх юм байна. Түүнчлэн нийслэлийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохтой холбогдуулан нийслэлд ирээд буцаж амжаагүй хөдөө орон нутгийн иргэд PCR шинжилгээ өгч, хаягийн дагуу орон нутаг руу зорчиж болох бол хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэд хаягийн бүртгэлийн дагуу бичиг баримтаа үзүүлэн байнгын хаягтаа ирэхийг зөвшөөрөх юм байна.