Хоёр тун вакцин хийлгэснээс хойш есөн сарын хугацаанд цар тахлаас хамгаалах боломжтой

Манай улс иргэдээ хамруулж байгаа цар тахлын эсрэг вакциныг 2 тун хийлгэж, улмаар 80-90 хувийн дархлал тогтох боломжтой. Тэгвэл гадны эрдэмтдийн судалгаагаар 2 тун вакцин хийлгэснээс хойш 9 сарын хугацаанд хүний биед дархлал бий болж, “Ковид-19” халдвараас хамгаалах чадвартай. Харин ирэх сарын 15-нд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины 2 дахь тунг хийсний дараагаар иргэдэд дархлал хэрхэн тогтсон талаарх дархлаажуулалтын судалгааг хийснээр вакцины үр дүн тодорхой болох юм байна. Цар тахлын эсрэг дархлаажуулалтад иргэд 2-р сарын 23-аас хамрагдаж эхлээд байна. Манай улсын тухайд эхний ээлжид Астразенека вакцинаар дархлаажуулалтыг эхлүүлж, мөн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцинаар эхний 1 тунгаар 120 мянга гаруй хүнийг дархлаажуулаад байна. Астразенека вакцины 2 тунг хийлгэсэн тохиолдолд 87 хувийн дархлал, харин Вероцелл вакцин хийлгэснээр 80-90 хувийн дархлал, ОХУ-ын Спутник-В вакцинд хамрагдсанаар 91 хувийн дархлал тогтдог байна. Тэгвэл манай улсын иргэдэд вакцины дархлал хэрхэн тогтсон талаарх дархлаажуулалтын судалгааг ЭМЯ-аас байгуулсан гурван ажлын хэсэг судална. Эхний тун вакцин хийлгэснээс хойш 3-4 долоо хоногийн хугацаанд иргэдийн биед санамжийн эс үүсдэг юм байна.