2020 оны статистик мэдээллээр манай улсад дээд боловсролын сургалтын байгууллагад 153 мянга гаруй суралцагч сурч байна. Үүний 93,552 буюу 61.0 хувь нь эмэгтэй, 39.0 хувь нь эрэгтэй суралцагч байна. Учир нь хөвгүүдийн нас нэмэгдэж, анги дэвших тусам сургуулиасаа гарах тохиолдлууд нэмэгдсээр их дээд сургуульд элсэгчдийн 5 эмэгтэй тутамд 3 эрэгтэй ногдож байна. Нийт төгсөгчдийн 58.6 хувийг эмэгтэйчүүд, 41.4 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлж, дээд боловсролын бүх зэргээр төгсөгчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь давамгайлж байна. Харин ажиллах хүчний оролцоогоор авч үзвэл эмэгтэйчүүдийн 53,4 хувь нь ажил эрхэлж байхад, эрэгтэйчүүдийн 68,3 хувь нь ажил эрхэлдэг буюу ажил эрхлэлтээр эрэгтэйчүүд илүү хувийг эзэлж байна. Энэ нь эрэгтэйчүүд дунд сургуулиа төсгөөд боловсролын зэрэг шаардагдахгүй ажил эрхлэх нь түгээмэл байгааг харуулж байна. Харин цаашид хүйсийн тэнцвэргүй байдлыг арилгаж, эрчүүдийн боловсрол эзэмшилтийг нэмэгдүүлэхийн тулд ажил, мэргэжлийн тал дээр хүйсээр ялгаварлах асуудлыг зогсоож, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг арилгах шаардлагатай. Мөн төрөөс ч тодорхой зохицуулалтуудыг хийж болно гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Охидоо сургаж хөвгүүдээ хойш нь тавьдаг нийгмийн хэвшмэл байдал манай улсад байсаар байна. Хэдийгээр уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай манай улсад эрчүүдийн ажлын байр түгээмэл байдаг нь сайн ч нөгөө талаараа энэ нь нийгэмд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн боловсролын хэт ялгааг үүсгэж байна. Түүнчлэн энэ нь сүүлийн жилүүдэд яригдах болсон Монгол эрчүүд эмэгтэйчүүддээ гологдож байна гэх шалтгааныг үүсгэж том зургаараа улс орны хөгжилд ч нөлөөлөх хэмжээнд хүрч болзошгүй байна. Тиймээс цаашид эрэгтэйчүүдийн боловсрол эзэмшилтийг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Мөн энэ асуудалд дээр эрэгтэй ажиллах хүч багатай салбар чиглэлээр сурч байгаа эрэгтэй оюутнуудад тэтгэлэг олгох зэргээр төрийн оролцоо ч хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд манай улсад хүний хөгжил, боловсролын чиглэлээр гаднын төсөл хөтөлбөрүүд олноор хэрэгжиж байгаа ч ихэнх нь эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг ч холбогдох хүмүүс хэлж байлаа.