Нийслэлийн  БГД, СБД, СХД-ийн эмнэлэгт “Ковид-19”-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчилж эхэллээ

Нийслэлд “Ковид-19”-ийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдэх болжээ. Тэгвэл энэхүү асуудлыг зохицуулахаар дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэх зохицуулалтыг хийж байгаа юм байна. Энэ хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 150 ор, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 100 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эхэлжээ. Одоогоор дээрх эмнэлгүүдэд “Ковид-19”-ийн халдварын өвчлөл бүхий 350 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд хүүхэд 71, насанд хүрсэн 279 иргэн байгаа юм байна. Цаашид бусад дүүрэгт нэмэлтээр ор дэлгэх зохион байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.