“Ковид-19”-ийн халдварын 210 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд  10.049 хүнд “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 210 хүний сорьцод халдвар илэрчээ. Тэдгээр тохиолдлын 209 нь дотоодод бүртгэгдсэн бол Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдын нэгнээс нь халдвар илэрчээ. Харин дотоодод бүртгэгдсэн халдварын 206 нь Улаанбаатар хотод, 3 нь Хөвсгөл аймагт бүртгэгджээ. Тэдгээр тохиолдлын 185 нь халдвартай иргэний ойрын хавьтал бол 25 хүний халдвар авсан эх уурхайг тандан судалж байгааг ЭМЯ-аас мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт  халдварын  тоо 5186 болоод байна. Мөн сүүлийн 24 цагт 129 хүн эдгэрч эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 3606 боллоо. Одоогоор 1562 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1209 хүний биеийн байдал хөнгөн, 180 хүний биеийн байдал хүндэвтэр, 15 хүний биеийн байдал хүнд, 3 хүний биеийн байдал маш хүнд байна. Мөн ЭМЯ-аас халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой зарим зүйлсийг онцоллоо.

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд өөрөөс шалтгаалах халдвар хамгааллын энгийн дэглэмүүдийг илүү сайн сахих хэрэгтэй байна. Мөн зарим иргэдийн хувьд амны хаалтаа тогтмол зүүж байгаа ч өдрийн турш нэг амны хаалттай өнжих, зөвхөн гадуур явахдаа амны хаалт зүүж албан тасалгаа, аж ахуйн нэгж, уушын газар орохдоо амны хаалтаа зүүхгүй байх нь иргэн танд эрсдэлийг бий болгож байна. Иймээс иргэн бүр хаана ч байсан амны хаалтаа байнга зүүх шаардлагатай байна. Мөн гараа тогтмол халдваргүйтгэж, хүн хоорондын зайгаа барих нь нэн чухал байна.