Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр хичээх шаардлагатай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна.  Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна. Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос  17 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна. Дэлхий дахинаа 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд вакцинжуулалт хийгээд 103 хонож байгаа бол КОВАКС хөтөлбөр хэрэгжээд 20 хоног, манай улсад вакцинжуулалт эхлээд 27 хоног болж, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх бөгөөд Улаанбаатарт зургаадугаар сарын нэгэн гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар тооцож байна. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу 8 үе шаттай явуулж буй.

Үүнд:

1.         Хариу арга хэмжээний баг,

2.         Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар,

3.         Худалдаа үйлчилгээний салбар,

4.         Бүх шатны боловсролын салбарын ажилчид,

5.         50-64 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд,

6.         65+ насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд,

7.         18-25 насныхан,

8.         25-49 насны иргэд тус тус байна. Энэ долоо хоногоос КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун Пфайзер вакцин орж ирэх бөгөөд 65+ насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.