Б.Жавхлан: Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол эдийн засагт хүнд цохилт болно 

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэр Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурдаад, хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаагаа хэллээ. Тухайлбал гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 13.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгожээ. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахижээ.  Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно хэмээн тооцож буйгаа Сангийн сайд мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн дээрх мэдээллийг сонсоод Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг  цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья хэмээжээ.