Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ой тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Уулзалтын үеэр МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбоо хамтран боловсруулсан Сансрын технологийг хөгжүүлэх төслийн талаар танилцуулжээ. Уг төслийг 2020-2049 он хүртэл хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр шат буюу 2020-2029 он хүртэл ЭЗЭМШИХ, 2030-2039 буюу хоёрдугаар шатанд ӨРСӨЛДӨХ, 2039-2049 он буюу гуравдугаар шатанд ТЭРГҮҮЛЭХ асуудлыг төсөл боловсруулагчид тусгажээ. Монгол улсын ерөнхий сайд төслийн танилцуулгыг сонсоод, сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл байгуулж, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.