Мьянмар улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Кьяу Мо Тун төрийн эргэлт хийсэн Мьянмарын цэргийнхний эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг чангатгаж, тэдний дэглэмийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг олон улсад “NHK” сувагт ярилцлага өгөх үеэрээ уриаллаа. Хэдийгээр Кьяу Мо Тун НҮБ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байгаа боловч Мьянмарын цэргийнхэн түүнийг албан тушаалаас нь огцруулж, эх орноосоо урвасан хэрэгт буруутгаад байгаа юм. Тэрбээр “Олон улс Мьянмарын цэргийнхний эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг авч, уялдаа холбоотой, чанга хатуу хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ. Харин Зэвсэгт хүчний удирдагч, генерал Мин Аун Хлаины мэдэлд орсон Мьянмарын төрийн мэдлийн телевиз улс орноо гадаадын аюул заналаас хамгаалах ёстой гэж мэдээлсээр байгаа юм. Олон улсын шинжээчдийн зүгээс ирэх бямба гарагт тохиох цэргийн тэмдэглэлт өдрөөр жагсаал цуглааныг таслан зогсоох томоохон ажиллагаа явагдаж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрөгч хоёрдугаар сарын нэгэнд цэргийн эргэлт гарснаас хойш эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 247-д хүрч, саатуулагдсан хүний тоо 2400 давжээ.
