Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг 1993 оноос эхлэн тэмдэглэх болсон бөгөөд зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, усаа хамгаалахыг сурталчлан таниулахад оршдог. Харин энэ жилийн хувьд дэлхийн усны өдрийг “УСНЫ ҮНЭЛЭМЖ, УСНЫ ҮНЭ ЦЭН” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тухайлбал усны нөөцийн үнэлэмж, усны дэд бүтцийн үнэлэмж, усны үйлчилгээний үнэлэмж, үйлдвэрлэл, нийгэм- эдийн засгийн үйл ажиллагаанд оруулах усны үнэлэмж, усны нийгэм- соёлын талын үнэлэмж гэх таван чиглэлд анхаарлаа хандуулж байна.
БОАЖЯ-ны Усны бодлого, зохицуулалтын газрын шинжээч Г.Мөнх-Эрдэм: Манай орны хувьд усны нөөцөөр хомс оронд тооцогддог. Учир нь усны нөөцийн хэмжээг газар нутаг, хүн ам, уул уурхай, хөдөө аж ахуй, бусад эрчимжиж байгаа үйлдвэр үйлчилгээний салбаруудад ашиглагдах усны хэрэгцээтэй харьцуулахад хомстолтой гэсэн судалгаа байна. Ойролцоогоор манай орны газрын доорх болон гадаргын дээрх ус нийлээд 600 км шоо орчим усны нөөцтэй гэж үзэж байгаа. Тэгвэл манай орны ус ашиглалтын хэмжээ буюу усны нийт хэрэглээний:
· 33,4 хувийг мал аж ахуй
· 27,4 хувийг усалгаатай газар тариалан
· 17 хувийг уул уурхай
· 14,4 хувийг хүн амын унд, ахуй
· 5,4 хувийг эрчим хүч
· 2,4 хувийг бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд тус тус эзэлж байна.
Ус хэмнэх энгийн зөвлөмжүүд:
· Суултуурын хөнгөн товчийг дарснаар 4-6 литр ус зарцуулагддаг бол хүнд товчыг дарснаар 9-12 лирт усыг зарцуулдаг байна. Иймд хэрэгцээндээ тохируулан усаа хэмнэ.
· Ус дусалж байгаа крантыг хаах хэрэгтэй. Секунд тутамд нэг дусал ус дусна гэж тооцвол жилд 10.000 литр ус хэрэгцээгүй үрэгдэнэ.
· Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5 литр ус зарцуулж улмаар жилд 10.950 литр ус үргүй зарцуулагдана. Иймээс шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж байх.
· Эвдэрхий цоргоо засах. Учир нь эвдэрхий цоргоор долоо хоногт 90 литр ус алдах бол жилд 4680 литр ус алддаг байна. Иймээс усны цоргыг засах нь их хэмжээний ус алдагдлаас хэмнэж чадна.