Улаанбаатараас Булган аймгийн Могод суманд очсон нэг иргэн Коронавирусний халдвартай нь батлагджээ

Булган аймгийн Могод суманд коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн гурван иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдсан байна. Тус иргэд 3-р сарын 21-ний 10:00 цагийн орчимд Могод суманд ирсэн бөгөөд тухайн өдрийн 22:00 цагт Улаанбаатар хот руу буцжээ. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комиссын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж хариу арга хэмжээний нэгдүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байгаа юм. Хариу арга хэмжээний баг тухайн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг гаргаж, сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.