Монголын хөл бөмбөгчид Тажикистаны багтай тоглохоор Душанбе хотыг зорьжээ

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг энэ сарын сүүлийн долоо хоногт “Катар 2022” ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгаруулалтын удаах тоглолтуудаа Тажикистан (III/25), Япон (III/30) багуудтай хийх гэж байна. Тус тоглолтын бэлтгэлийг базахаар өнгөрсөн 28-нд Турк улсыг зорьсон. Улмаар гурван долоо хоногийн хугацаанд Украин, Турк, ОХУ-ын таван удаагийн нөхөрсөг тоглолт хийж сүүл гэхэд ОХУ-ын Тюмен клубийн багтай нөхөрсөг тоглолтод тэнцсэн байна. Улмаар өчигдөр Тажикистан улсын нийслэл Душанбе хотыг зорьжээ. Монголын баг ДАШТ-ий Ази тив дэх урьдчилсан хоёр дахь шатанд анх удаа шалгаран тоглож өмнө нь Тажикистаны багийг 2019 оны 9-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо хүлээн авахад 1:0-ийн харьцаатай хожигдол хүлээж байлаа. Харин тухайн тоглолтоос сарын дараа Японы багтай Сайтама хотноо тоглоход 6:0-ээр мөн хожигдож байсан юм. Тэгвэл энэ удаад цар тахлын улмаас Японы багийн эсрэг тоглолтыг Улаанбаатар хотноо бус дахин Японы Чиба хотноо хийхээр болоод байгаа. Тажикистаны эсрэг тоглолт энэ пүрэв гарагт Улаанбаатарын цагаар орой 21:00 цагт эхлэх бол Японы багийн эсрэг тоглолт ирэх долоо хоногийн мягмар гарагт мөн Улаанбаатарын цагаар 18:30-аас эхэлнэ. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик “Тоглогчдын хувьд ерөнхийдөө бэлэн болсон. Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ачаар бид Турк улсад нөхцөл байдал сайтай, өндөр зэргийн 3 долоо хоногийн бэлтгэл хийлээ. Удаан хугацаанд тоглоогүй учраас энд удаан бэлтгэл хиймээр байлаа. Гэхдээ бид тоглолтдоо бэлэн болсон.” хэмээн хэлжээ. Монголын баг ДАШТ-ий сонгон шалгаруулалтад эхний тоглолтдоо хожсон ч түүнээс хойш дөрөв дараалан ялагдсанаар таван тоглолтоос 3 оноо (1-0-4)-той хэсэгтээ сүүлийн байрт эрэмбэлэгдэж байна. Хэсгийг Японы баг дөрвөн тоглолтдоо нэг ч гоол алдаагүй хожсон 12 оноотой тэргүүлж байгаа бол Кыргыз, Тажикистаны багууд ижил 7 оноо (2-1-2)-той удаах байруудад эрэмбэлэгдэж байгаа бол Монголын баг эхний тоглолтдоо хожсон Мьянмарын шигшээ зургаан оноотой байна. Хэсгээ тэргүүлсэн баг шууд дараагийн шатанд шалгарна. Харин найман хэсгийн хоёрдугаар байрын багуудаас эхний дөрөв нь дараагийн шатанд шалгарах боломжтой. 

III/25 - Тажикистан /21:00/ Монгол 

III/30 - Монгол /18:30/ Япон