“Ковид-19”-ийн халдварын 206 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 12326  хүнд “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 206 хүний сорьцод халдвар илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын  тоо 5392 болоод байна. Мөн сүүлийн 24 цагт 152 хүн эдгэрч эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 3758 боллоо. Шинээр халдвар авсан 206 хүнээс дотоодод халдвар авсан 204 хүн байгаа бөгөөд дотоодын халдварын тоо 4856 болсон байна.

Тэгвэл сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 191 тохиолдол бүртгэгдэж Улаанбаатар хотын өвчлөл 4474 боллоо. Харин орон нутагт бүртгэгдсэн нийт тохиолдол 382 болсон бөгөөд Дархан-уул аймагт-7,  Төв аймагт-3 ,  Увс аймагт-2, Хөвсгөл аймагт-1 шинэ  тохиолдол тус тус бүртгэгджээ.

Одоогоор 1419 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1218 хүний биеийн байдал хөнгөн, 183 хүний биеийн байдал хүндэвтэр, 14 хүний биеийн байдал хүнд, 4 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Мөн ЭМЯ-аас халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой зарим зүйлсийг онцолсон юм.

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр:  Иргэдийн зүгээс  халдвар тархсан хороог зарлах шаардлагатай гэсэн асуултыг ирүүлж байна. Гэтэл Улаанбаатар хотын хаана ч халдвар авах эрсдэл өндөр, Нийслэл хот бүхэлдээ халдварын голомт болсон учир хороодыг зарлах боломжгүй болж байна. Мөн халдварын тохиолдол сүүлийн 2 өдөр дарааллан 200 давлаа. Тиймээс амны хаалтыг албан өрөөндөө заавал  зүүж, хүн хоорондын зайг баримтлах шаардлагатай байна.