Дархан-Уул аймагт бүртгэгдсэн “Ковид-19”-ийн халдварын тоо 7 боллоо

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос тус аймагт бүртгэгдсэн “Ковид-19” халдварын өвчлөлтэй холбоотойгоор нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Дархан-Уул аймагт бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын тухайд:

Энэ оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаабаатар хотоос Дархан-Уул аймагт очсон нэг иргэн 3 дугаар сарын 20 өдөр буцаж Улаанбаатар хотод ирэхэд халдвартай болох нь батлагджээ. Тухайн иргэний хувьд долоо хоногийн хугацаанд гэрийн хорионд байсан бөгөөд хавьтал болсон иргэний тоо харьцангуй бага гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн иргэний ойрын хавьтлын нийт 9 иргэнийг тусгаарлах байрт тусгаарлаж PCR шинжилгээ өгөхөд сөрөг гэх хариу гаржээ. Одоогоор халдвар авсан тухайн иргэн Улаабаатар хотод хэвтэн эмчлүүлж байна.

Өчигдөр буюу 3 дугаар сарын 22-ны үүрийн 3 цагт Өвөрхангай аймгаас Дархан-Уул аймагт очсон 10 иргэний 5 нь халдвартай болох нь батлагдсан. Эдгээр 5 тохиолдлын хувьд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн “Халдвартын тасагт” тусгаарлагдан эмчилэгдэж байгаа бол ойрын хавьтлын 11 иргэнийг мөн тусгаарлах байрт тусгаарлан тандан судалж байна. Харин эдгээр иргэдийн халдвар авсан эх уурхайг тодорхойлоход Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид хэмээх сувилалд эмчлүүлж байхдаа халдвар авсан нь тогтоогджээ.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид хэмээх сувилалд сүүлийн 14 хоногийн хугацаанд эмчлүүлээд Дархан-Уул аймагт очсон иргэдийн мэдээллийг тандан судлахад 3 дугаар сарын 12-ны өдөр 2 иргэн, 13-нд 1 иргэн, 17-ны өдөр 4 иргэн очсон байжээ.  Эдгээр иргэдийг шинжилгээнд хамруулахад 3 дугаар сарын 12-нд ирсэн нэг гэр бүлийн 2 иргэнээс халдвар илэрчээ. Тухайн иргэдийн 14 хоног доторх зорчсон маршрут маш өргөн,“Наурызын баяр”-ыг тэмдэглэсний улмаас ойрын хавьтлын 139 иргэн байгаа юм.Ингэснээр Дархан-Уул аймагт бүртгэгдсэн “Ковид-19” халдварын нийт тоо 7 болоод байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: Хэдийгээр халдварын тохиолдол болон хавьтлын тоо олон байгаа ч ойрын хавьтлын иргэдийн шинжилгээний хариу гарах хүртэл ямар нэгэн үйл ажиллагааг хязгаарласан хориглосон шийдвэр гаргаагүй. Иймээс Дархан-Уул аймгийн хэмжээнд бүх төрлийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллах юм. Хэрэв Дархан-Уул аймгийн Шарын гол сумд байгаа ойрын хавьтлын 22 иргэнээс халдварын сэжигтэй тохиолдол илэрч, батлагдвал, хөл хорионы дэглэмын 2-р түвшин буюу “Шар түвшин”-д шилжих зохицуулалтыг хийнэ.

Цаашид халдварын голомтоос халдвар зөөвөрлөгдөн ирэхийг үгүйсгэхгүй учраас иргэдийг олон нийтийн үйл ажиллагаа баяр, найр наадам зохиохгүй байх, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ сахих, зайлшгүй шаардлагатай биш бол гадуур гарахгүй байхыг санууллаа. Мөн халдвартай бүс нудгууд руу зорчихгүй байхыг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.