АНУ, Европын Холбоо, Их Британи, Канад зэрэг улсууд Шинжааны бүс нутагт хүний эрх зөрчигдөж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын зарим албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авснаа мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар Шинжааны бүс нутагт нэг сая орчим муслим үндэсний цөөнхийн төлөөлөл тусгай хорих ангиудад хоригдож байгаа гэдэг бөгөөд хоригдлуудыг эрүүдэн шүүх, албадан хөдөлмөр эрхлүүлэх, үргүй болгох ажиллагааг Эх газрын Хятадын эрх баригчид зохион байгуулдаг гэсэн мэдээлэл НҮБ-д ирээд байгаа юм. Харин БНХАУ-ын засгийн газар тэдгээр байгууламжуудыг экстремист үзлийн эсрэг боловсрол олгох зориулалттай гэж тайлбарладаг байна. Тэгвэл Европын Холбоо хамгийн түрүүнд Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны дөрвөн өндөр албан тушаалтан, нэг байгууллагын эсрэг хориг авч байгаагаа өчигдөр зарлажээ. Дараа нь Их Британи, Канад улс мөн ижил арга хэмжээ авсан байна. Австрали, Шинэ Зеландын засгийн газар өрнөдийн орнуудын авсан арга хэмжээг дэмжиж, Шинжаанд хүний эрх зөрчигдөж байгаад харамсал илэрхийлсэн мэдэгдэл гаргасан байна. Тэгвэл өчигдрийн арга хэмжээний хариуд БНХАУ-ын засгийн газар Европын хууль тогтоогчид, судлаачид, дипломат байгууллагуудын эсрэг мөн хориг зарлажээ. Европын Парламент дахь БНХАУ-ыг хариуцсан төлөөлөгчдийн ахлагч, Германы улс төрч Райнхард Бутикофер хоригт орсон хамгийн өндөр албан тушаалтан болсон байна. Хоригт багтсан хүмүүс Эх газрын Хятадын нутаг дэвсгэрт нэвтрэх, хамтарсан үйл ажиллагаа эрхлэн явуулах боломжгүй болж байгаа бөгөөд БНХАУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой аюул учруулсан гэж Бээжингийн эрх баригчид буруутгажээ.
