Ковид-19-ийн халдварын улмаас гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын ажлыг НЭМГ-аас хийж эхэлжээ. Тухайлбал, халдварын ойрын хавьтал бүхий хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй болон хэвтрийн өвчтөн, жирэмсэн эх, нярай зэрэг эрсдэлтэй иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах байдлаар болзошгүй эндэгдэл, эрсдэлээс сэргийлэхэд анхаарч байгаа юм .
Үүний хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилогдсон найман эмчийн бүрэлдэхүүнтэй зөвлөх баг ӨЭМТ-ийн эмч нарт 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл хүргэх, өвчний оношийг тодорхойлох, мэс засал, хавдрын хими эмчилгээ, хөнгөвчлөх, гемодиализ зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах юм. Мөн ӨЭМТ-ийн эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн эрүүл мэндэд цахимаар хяналт тавьж, өдөр тутмын тэмдэглэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд өвчтөний түүх нээх, өдрийн эмчилгээнд хамруулах, эмийн жор бичих ажлыг зохион байгуулах бөгөөд сэтгэл судлал үндсэн мэргэжлээр суралцаж буй эмч нар өдөр тутам цахимаар мэдээлэл хийж, тусгаарлалтад байгаа иргэдтэй цахимаар холбогдон зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна.
Өрхийн эрүүл мэндийн төвд хэрэглэгддэг багаж тоног төхөөрөмжийг ашиглах, мөн зүрх судас болон даралтны эм бэлдмэлээр гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хангах, зарим тохиолдолд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг гэрт нь байрлуулах зэрэг арга хэмжээ авах юм.