Өчигдөр буюу энэ сарын 23-ны шөнийн 22 цаг 46 минутад Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 километрийн зайд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайхан: Өчигдөр шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сум орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноор цаг гаруйн хугацаанд ойролцоогоор 300 гаруй удаагийн газар хөдлөлт, чичирхийлэл үүсээд байна. Өнөөдрийн байдлаар чичирхийлэлгүй хэвийн байна. Газар хөдлөлт болсон нутаг дэвсгэрт сүүлийн 10 жилийн хугацаанд 3.5 магнитудын хүчтэй хэд хэдэн удаагийн газар хөдлөлт болж байсан. Харин өчигдрийн газар хөдлөлт юунаас үүссэн шалтгааныг судалж байна. Түүнчлэн тус газар хөдлөлтөөс үүссэн чичирхийлэл Улаанбаатар хотод 3 баллын хүчтэй мэдрэгдсэн. Уг чичирхийллээс шалтгаалсан ямар нэгэн бэртэл гэмтэл үүсээгүй байна.
Магнитуд гэдэг нь: Газар хөдлөлт болсон цэг дээрх газар хөдлөлтийн хүчийг хэмжих нэр
Балл гэдэг нь: Газар хөдлөлтөөс үүссэн чичирхийлэл бусад хэсэгт мэдрэгдэх хүчийг хэмжих нэр