Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11.606 хүүхэд байгаагаас 7.142 нь боловсрол эзэмшиж байна

Өнөөдөр БШУ-ны сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл сургалт явуулж буй 300 багштай цахим уулзалт хийлээ.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11.606 хүүхэд байна. Тэдгээр хүүхдүүдийн 7.142 нь боловсрол эзэмшиж байгаа бол 3.000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байдаг байна. Боловсрол эзэмшиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 1.720 нь тусгай сургуульд суралцдаг бол, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагддаг юм байна. Харин үлдсэн хүүхдүүд нь энгийн сургуульд суралдаг байна. Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилтнуудын цалингийн сүлжээ шатлалыг эргэж харах, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх саналыг багш нар гаргасан байна. Мөн эцэг эхчүүдэд сургууль сонгох боломжийг нь үлдээх ёстой хэмээжээ. Энэ хүрээнд БШУЯ-ны газрын дарга нар ирэх долоо хоногт тусгай сургууль цэцэрлэгүүдэд ажиллахаар болжээ. Түүнчлэн ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхимыг тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаагаа салбарын яамнаас мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд Хуулийн төсөлд тэгш хамран сургах, боловсролын тусгай хэрэгцээг хангах гэсэн хоёр агуулгыг зэрэгцүүлэн тусгаад байгаа юм байна.