“Ковид-19”-ийн халдварын 218 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд  12.605 хүнд “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 218 хүний сорьцод халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын тухайд бүгд халдвартай иргэний ойрын хавьтлын иргэд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 176 нь Улаанбаатар хотод, 27 нь Өвөрхангай аймагт, 10 нь Дархан-Уул аймагт, 5 тохиолдол нь Төв аймагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт  халдварын  тоо 5610 боллоо. Сүүлийн 24 цагт 189 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3947 боллоо. Одоогоор 1367 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1138 хүний биеийн байдал хөнгөн, 207 хүний биеийн байдал хүндэвтэр, 18 хүний биеийн байдал хүнд, 4 хүний биеийн байдал маш хүнд байна.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандан судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Хөдөө орон нутгуудад нийт 10 лабораторид PCR шинжилгээ хийж байна. Тодруулбал Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Ховд, Дорноговь, Увс, Хөвсгөл, Архангай аймаг болон  Замын-Үүд сум гээд 10 байршилд PCR шинжилгээ хийж байна. Эцсийн баталгаажуулалт хийхийн тулд сорьцыг Улаанбаатар хот руу зөөвөрлөхөө больсон. Харин манай улсад шүлснээс сорьц авах шинжилгээ хараахан нэвтрээгүй байгаа учраас нярай хүүхдээс шинжилгээ авахдаа амны хөндий болон хоолойноос нь зориулалтын уян бамбараар сорьцын дээжийг авч байна.

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд өөрөөс шалтгаалах халдвар хамгааллын энгийн дэглэмүүдийг илүү сайн сахих хэрэгтэй байна. Иймээс иргэн бүр хаана ч байсан амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Мөн гараа тогтмол ариутгаж, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй.